Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д бүрэн цахилгаан нисэх онгоц анхны туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө АНУ-ын Вашингтон мужийн Грант дүүргийн олон улсын нисэх буудлаас бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Alice нисэх онгоц анхны туршилтын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.

Есөн зорчигчтой энэ нисэх онгоц АНУ-ын засаг захиргаанаас зорчигч тээврийн нислэг үйлдэх зөвшөөрөл авсан анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоц болоход ойрхон байгааг Сиэтл Таймс сонин мэдээлсэн байна.

АНУ-ын эрх баригчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын хүрээнд агаарын тээврийг бохирдлоос салгах зорилт тавиад байгаа.

Эхний ээлжид Alice шиг цахилгаан нисэх онгоцнууд орон нутгийн, богино зайн нислэгүүдэд ашиглагдаж эхлэх төлөвтэй байна.

Alice-ийг зохион бүтээсэн Eviation компани 250-400 км зай туулах чадвартай зорчигч болон ачаа тээврийн нисэх онгоцнуудыг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа.

Өчигдрийн туршилтын нислэг найман минут үргэлжилж, 1,000 метрийн өндөрт хүрсэн байна. Туршилтын зорилго нь онгоцны дизайныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах ажээ.

Alice нисэх онгоц гурван хувилбараар бүтээгдэх юм байна. Үүнд есөн суудалтай ердийн зорчигч тээврийн онгоц, зургаан суудалтай тансаг ангиллын онгоц, ачаа тээврийн онгоц байх ажээ. Ийм төрлийн нисэх онгоцны хэмжээ батарейн багтаамжид хязгаарлагддаг.

Үүнээс илүү том онгоц бүтээхийн тулд хог хаягдал, ургамал зэргээс агаарын бохирдол үүсгэдэггүй цэвэр түлш гаргаж авах шаардлагатай байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge