Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт өнөөдөр боллоо.
Нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн талаар “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн танилцууллаа.
Тэрбээр "Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал дээр шүүхийн шийдвэр гаргасан хоёр тохиолдлыг онцлон ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар байгаль орчны асуудлаар иргэн мэдэх үүрэгтэй гэдэг зохицуулалт анх удаа хуульд орсон. Энэхүү асуудлыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нээлттэй мэдээлэл болохыг зарласан.
Харамсалтай нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжиж байхад шүүхэд мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргаад шийдүүлж байсан тохиолдол байхгүй.
Үүнээс хойш Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Уг хууль хэрэгжсэнтэй холбоотой захиргааны хэргийн шүүхээс байгаль орчны барьцаа хөрөнгийн талаар мэдээлэл авах эрх зөрчигдсөн гэсэн асуудлаар нэхэмжлэл гаргаад шийдүүлсэн.
Иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан. Үүн дээр шүүхийн зүгээс тухайн мэдээллийг дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээхгүй гэдэг дээр чухал ач холбогдол өгсөн байна. Өөр хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэгслээр гарсан мэдээллийг хамтын ажиллагааны хүрээнд хуваалцах нийтлэг жишиг байдаг. Дэлхий дахинд ч ийм тохиолдол бий. Энэ олон мэдээллийг хуваалцсан иргэн бүрийг хамтран хариуцагч болгоод хариуцлага хүлээлгэх боломж бүрдэх вий гэсэн айдас байна.
Энэ талаарх хууль эрх зүйн орчин хангалттай бус. 2002 онд батлагдсан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх асуудлыг шийдвэрлэж байгаа. Гэтэл дижитал эрэн зуунтай холбоотойгоор худал мэдээлэл тараах, үзэл бодлоо илэрхийлэх, гүтгэлэгтэй холбоотой хуулийн зохицуулалт үсрэнгүй хөгжсөн. 8-10 жилийн хугацаатайгаар шинэ ойлголтууд гарч ирж байна. Тэгэхээр иргэний харьяалал, мэдээллийг дахин түгээх асуудал өөр боллоо.
Иргэний нэр төрийн талаар бичсэн мэдээ, нийтлэлд гомддог. Ингэхдээ төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээдүүд гомдол гаргах тохиолдол элбэг байна.
Улаанбаатар болон орон нутгийн зорилтот бүлгийг хамруулаад судалгаа хийхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн эхний шатны дүгнэлтийг өгч байна" гэлээ.
Ил тод болгох мэдээллийн жагсаалтын талаар "Төрийн албан хаагчдын тухайн хуулийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй байгаа юм. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой мэдлэг олгох сургалтууд зохион байгуулахгүй байна. Мэдээлэл хариуцагч байгууллагууд ил тод байх мэдээллийн жагсаалтаа тавдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд баталсан байх ёстой байсан. Гэтэл энэ хэрэгжилт 44 хувьтай байна. Үлдсэн 56 хувийн нээлттэй байх ёстой мэдээллийн жагсаалтыг одоо хүртэл батлаагүй.
Засгийн газар сайд нарын түвшинд 17 журмыг тус хуультай холбоотойгоор баталсан байх ёстой. Үүнээс долоог нь мөн одоог хүртэл батлаагүй. Иргэдийн мэдээлэл хайх эрхэд нэн хайнга хандаж байна. Гурван мэдээлэл тутмын нэгд нь хариу өгч байгаа" гэдгийг хуульч Б.Пүрэвсүрэн хэлэв.