Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний хэмжээний лавлагаа лаборатори байгуулж, шинжилгээ, сорьцын хяналтын нэг стандарттай болох нь чухал"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/ болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв/ЦССҮТ/ хамтран улс даяар үйл ажиллагаа явуулж буй лабораторийн шинжилгээний чанар, хангалт, тулгамдаж буй асуудал сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа.

ДЭМБ-ын 2016 оны Эрүүл мэндийн лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог үе шаттайгаар хэрэгжүүлэх стратегид лабораторийн шинжилгээ бүрд гуравдагч хяналтын материалыг тасралтгүй хэрэглэхийн ач холбогдлыг онцлон заасан байдаг.

Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тайланд дурдсанаар, гуравдагч чанарын хяналтын материалыг өдөр тутмын шинжилгээнд нэвтрүүлэх нь шинжилгээний хариунд гарах алдааг 30 хувиар бууруулдаг болохыг тусгайлан тэмдэглэсэн байна.

Харин манай улсад 300 гаруй клиник лаборатори 160 гаруй үзүүлэлт, есөн чиглэлээр лабораторийн шинжилгээ хийж байгаа ба өнөөдрийн байдлаар 19 лаборатори MNS ISO15189 : 2015 итгэмжлэлд хамрагдсан байна.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад өмнө нь оношилж, эмчилж байгаагүй өвчнийг илрүүлэх, эмчлэх асуудлууд хөндөгдөж байгаа. Үүнд зайлшгүй лабораториудын чанар, чадавхын асуудал чухал нөлөөтэй бөгөөд тэд хоорондын мэдээллээ сайн солилцох ёстой хэмээн ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр онцлов.

Түүнчлэн тэрбээр “2022 оныг ЭМЯ-аас эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил болгон зарласан. Үүнд хамгийн анхаарах ёстой зүйл бол лабораторийн чанар, чадавхын асуудал.

Монгол Улсад өнөөдөр олон улсын стандартыг биелүүлсэн улсын болон хувийн хэвшлийн 19 лаборатори байдаг.

Мөн манай төрөлжсөн мэргэжлийн төв 2002 оноос лабораториудын чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын хэмжээн дэх лабораториудын чанарыг хөндлөнгөөс хянаж байгаа. Гэхдээ олон улсад лабораториудын чанарын гадаад үнэлгээ, дотоод хяналтаас гадна гуравдагч хяналтын асуудлыг ихээр зөвлөдөг болсон.

Иймд Монгол Улсад үндэсний хэмжээний лавлагаа лаборатори байгуулах асуудал нь өөрөө маш тулгамдаж байгаа. Үндэсний хэмжээний лавлагаа лабораторитой болбол хийж буй шинжилгээ сорьцын хяналт зэрэг нь нэг стандарттай болоод эхэлнэ.

Одоогийн байдлаар эмнэлэг бүр өөрсдийн гадаад харилцаа тогтоосон хэмжээндээ энэ хяналтыг хийлгэж байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлээд улсын хэмжээний бүх лаборатори нэг стандарттай болбол эргээд нэг эмнэлэгт хийгдсэн шинжилгээний хариуг нөгөө эмнэлэг харилцан зөвшөөрдөг байх асуудлууд яригдах болно.

Мөн энэ нь лабораториудад зайлшгүй шаардлагатай байгаа олон улсын стандартуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болж өгнө гэж харж байна" гэсэн юм.

Лабораториуд нэн тэргүүнд үндэсний чанарын хөтөлбөрт, дараа нь олон улсын чанарын хяналтын хөтөлбөрт хамрагдах нь шинжилгээний хариуг илүү баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл энэ нь аль ч улсад очиход хүчинтэй байхын баталгаа болж өгдөг аж.

Одоогийн байдлаар 120 орчим байгууллага үндэсний лавлагааныхаа үнэлгээнд ороод байгаа. Гэхдээ улсын хэмжээнд 300-500 лаборатори бий гэх статистик бий. Тиймээс өнөөдрийн сургалтад оролцож буй лабораториуд нь үндэсний лавлагаа болон олон улсын лабораторийн чанарын хяналтын үнэлгээг хэрхэн хийлгэх талаар мэдээлэл авч байгаа аж.

Түүнчлэн сургалтаар 2022 оны байдлаар ХӨСҮТ-ийн үндэсний чанарын гадаад хяналтад иммунологийн чиглэлээр Хепатитын B, C вирус, ДОХ, Тэмбүүгийн үүсгэгчээр 121 лаборатори, нян судлалын чиглэлээр 63 лаборатори хамрагдсан тайлан, үр дүнг тус сургалтад танилцуулсан юм.