Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хишигдалай: ОХУ-ын санкцтай холбоотойгоор ам.доллароор шатахууны импортын төлбөр шилжүүлэх төвөгтэй байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахуун импортлоход ам.доллароор шилжүүлэг хийхэд гарч буй хүндрэлийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалайгаас тодрууллаа. 

Тэрбээр "Шатахуун бол стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн тул Монголбанктай бид хамтран ажиллаж байгаа. Шатахууны ам.долларын санхүүжилтийг ямар нэгэн саадгүйгээр олгож байгаа.

Дээрээс нь АИ-92 авто бензиний үнийг тодорхой түвшинд тогтворжуулсантай холбоотойгоор АИ-92 дээр ААН, байгууллагуудад шаардлагатай ам.долларыг валютын форвард хэлцлээр урьдчилсан нөхцөлт үнээр худалдан авах ажиллагаа явуулж байгаа. Санхүүжилтийн хувьд шуурхай түргэн шийдвэрлээд явж байна.

Ам.доллароос өөр валютаар төлбөр тооцоо хийх нь Монгол Улсад боломжгүй. Тухайлбал, "Роснефть" компанитай байгуулсан гэрээнд төлбөрөө евро болон ам.доллароор төлөх боломжтой гэж заасан байдаг.

ОХУ-д тавьсан санкцтай холбоотойгоор ам.доллар шилжүүлэхэд нэлээд төвөгтэй байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ ОХУ-аас худалдаж авах зайлшгүй шаардлагатайг ойлгоод, ам.доллароор шилжүүлэг хийх бүрэн боломжтой хэмээх албан бичгийг бидэнд ирүүлсэн.

Гэхдээ бодит байдал дээр ам.доллароор шилжүүлэг хийхэд төвөгтэй байгаа. Манай ААН-үүд худалдан авсан ам.доллароо “Роснефть” компанийн охин компани болох буюу Монгол Улс дахь салбар “Роснефть Монголиа”-гийн дансанд шилжүүлээд, “Роснефть Монголиа” нь БНХАУ-аар дамжуулан ОХУ руу шилжүүлж байна.

ОХУ, Монгол Улсын хооронд валютын своп хэлцэл байхгүй. БНХАУ, Монгол Улсын хооронд байдаг учраас энэхүү шилжүүлгийн замыг сонгон шилжүүлж буй хэрэг.

ААН-үүдийн харилцдаг банкууд газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцдог. Одоогоор Голомт банк, Худалдаа Хөгжлийн Банк, ХААН Банк, Тээвэр хөгжлийн банк, Хас банкаар дамжуулан ам.долларын худалдан авах хийгдэж байгаа. “Роснефть Монголиа” компанийн хувьд Голомт банканд данстай" гэлээ.