Зөвлөлт Холбоот Улсын сүүлчийн удирдагч асан Михаил Горбачев өчигдөр 91 насандаа таалал төгссөн тухай Москва хотын төв эмнэлгээс мэдээлжээ.
Тэрбээр Хүйтэн дайны үеийг өндөрлүүлж, Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш Европыг хуваасан Төмөр хөшгийг буулгасан гавьяатай хүн юм. Гэхдээ түүнийг бас Зөвлөлт Холбоот Улсыг задрахаас сэргийлж чадаагүй хэмээн буруутгадаг.
“Михаил Горбачев удаан бөгөөд хүндээр өвдсөний эцэст өнгөрсөн шөнө таалал төгслөө” гэж Москва хотын клиникийн төв эмнэлэг мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлэхээр төлөвлөснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгдсэн байна.
Путин 2018 онд “хэрвээ чаддаг бол Зөвлөлт Холбоот Улсын задралыг буцаах” хүсэлтэйгээ хэвлэлд ярьж байжээ.
2005 онд тэр энэ үйл явдлыг хорьдугаар зууны “геополитикийн хамгийн том сүйрэл” гэж нэрлэж байв.
Хүйтэн дайнд цэг тавьж, Зөвлөлтийг Өрнөдтэй найрамдуулсныхаа төлөө Горбачев 1990 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байжээ.
Түүнийг Москвагийн Новодевичьегийн оршуулгын газарт,1999 онд нас барсан гэргий Райсагийнх нь булшны дэргэд оршуулах тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Горбачев 1985 онд 54 насандаа Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараа ард түмэндээ улс төр, эдийн засгийн хязгаарлагдмал эрх чөлөө олгох өөрчлөн байгуулалтыг (перестройка) эхлүүлж байв.
Гэвч энэ эрх чөлөө Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан 15 бүгд найрамдах улсын тусгаар тогтнох хүсэл сонирхлыг дэврээсэн юм. Зөвлөлтийн задралын дараа ард иргэдийн амьдралын түвшин эрс доройтсон гэж оросуудын ихэнх нь үздэг байна.
Оросын либерал эдийн засагч Руслан Гринберг зургаадугаар сарын 30-нд Горбачевыг эмнэлэгт эргэснийхээ дараа Звезда сувагт ярихдаа “Тэр бидэнд эрх чөлөө өгсөн. Гэхдээ бид түүгээр нь юу хийхээ мэдэхгүй байна” гэж байжээ.
“Горбачев өөрийн хамгийн том айдас нь биелж, хамгийн гэгээн мөрөөдөл нь цус, бохирт живэхийг харах хүртлээ амьдарсан. Гэхдээ түүнийг түүхчид, хэзээ нэг цагт оросууд сайнаар санан дурсах болно” гэж Хүйтэн дайны үеийн түүхч Сергей Радченко ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!