Монгол, АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон билээ.
Иймд тус ажлын талаар болон хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зорьж буй зүйлсийн талаар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяраас товч тодрууллаа.
Элчин сайд эх орондоо түр ирээд байгаа юм.
Тэрбээр "Америк, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн тохиож байна. Ойн хүрээнд бүтэн жилийн турш олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Гуравдагч хөрш гэдэг утгаар бид улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллаж байгаа билээ.
Хуучин ажиллаж буй тогтоосон харилцаагаа хөгжүүлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг илүү түлхүү явуулах ёстой. Нэг талаасаа АНУ болон АНУ-ын хөрөнгө оруулалттай бизнесмэнүүдийн эрх ашиг, сонирхлыг хэд хэдэн салбарт оруулах боломж бий гэсэн үг. Тухайлбал, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн аюулгүй байдал болон уул уурхайн чиглэлийн тодорхой бүтээгдэхүүнүүд дээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. АНУ технологийн төдийгүй бусад олон зүйлүүдэд дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг учраас технологийг, бизнес, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын эдийн засагт оруулах нь нэн тэргүүний зорилт юм.
Хоёрдугаарт, Монголчууд ихээр амьдардаг улсын нэг бол Америк. Хоёр орны харилцааны хажуугаар соёл урлаг, монгол судлал, америк судлал хөгжих ёстой тул соёлын харилцаанд ч мөн анхааран ажиллаж байна.
Миний хувьд Элчин сайд болсноос хойш анхаарч ажиллаж буй нэг зүйл нь хоёр орны хооронд шууд нислэгийг нээх тухай юм. Шууд нислэгийг эхлүүлэхийн тулд бид эхлээд Нээлттэй агаарын харилцааны гэрээ хийх ёстой. Уг гэрээний олон стандарт, шаардлагыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, МИАТ зэрэг байгууллагууд хангах ёстой байдаг. Миний хүлээж байгаагаар энэ ондоо нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийчих болов уу гэж найдаж байна.
Америк, Монгол хоёр орны хооронд агаарын харилцаа нээгдээд ирэхээр худалдаа эргэлт, бараа эргэлтээс авхуулаад хүмүүсийн харилцаа улам нэмэгдэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!