Өнгөрсөн жил Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Мэргэжлийн боловсролын салбарыг ХНХЯ-наас салгаж, БШУЯ-ны харьяанд өгсөн. Гэвч одоогоор мэргэжлийн боловсролын салбарын зарим сургалтын үйл ажиллагаа нь үндсэн чиг үүргийн яамандаа очоогүй байна.
Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр болсон Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурлын үеэр энэ асуудал хөндөгдсөн. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Мэргэжлийн боловсролын салбар өнөөдөр 100 хувь боловсролын яаманд ирсэн үү. Ноднин УИХ дээр нэлээд маргаан, тэмцэл болж байж боловсролын салбартаа авчирсныг Та бүхэн санаж байгаа байх. Ер нь мэргэжлийн боловсролыг халамжийн яаманд нь байлгах ашиг сонирхол асар их байна. Тэндээс буруу аргаар ашиг хүртдэг хүмүүс ч байх шиг байна. Энэ нь сар бүр өгдөг хувьсах зардал 200 мянган төгрөгтэй холбоотой гэж хардаж байна” гэлээ.
Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байнгын хорооны даргын асуултад “Яг үнэнийг хэлэхэд их, бага хулгай нүүрлэсэн салбар юм байна. Статистик дата, мэдээллийн бааз нь их сул явж иржээ. МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор E-Mongolia системээр бүртгэхэд ЕБС болон их дээд сургуульд сурдаг 4,800 хүүхдийн регистрийн дугаарыг давхар бүртгэж, төрөөс 2.3 тэрбум төгрөгийн хувьсах зардал авахаар завдсан тохиолдлыг ил болгосон. Иймд өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой” гэлээ.
Энэ асуудлаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Энэ бол боловсролын салбарт байж болшгүй асуудал. Боловсролын салбарт “үүрлэсэн” хулгайг зогсоох ёстой. Хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан үйлдлүүдийг эцэслэн тогтоож, улсад хохирол учруулсан этгээдүүдэд хууль хяналтын байгууллага заавал хариуцлага тооцох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!