Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгө оруулагчид тохирсон хүүгээ, товлосон цагтаа авах боломжтой"

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Биржийн бус зах зээлийн бодит нөхцөл байдлын талаар гол тоглогчдын нэг болох Ти Ди Би Секьюритис  ҮЦК-ийн дэд захирал Г.Энхбат-тай цөөн хором ярилцлаа.

-Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон бондын зах зээлийн талаар санаа бодлоо хуваалцана уу?

-Инфляц өндөр үед банкуудын хадгаламжийн жилийн хүү 8-10% болсон энэ цаг үеэс эхлэн хөрөнгө оруулагчид хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжтэй, тогтмол орлоготой, эрсдэл багатай актив хайх болсон нь хөрөнгийн зах зээлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох бондын зах зээл хүчтэй өсөхөд нөлөөллөө.

2021 оны хувьд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 93%-иар өссөн, ТОП-20 индекс л гэхэд 121%-иар өсөж, 42,579 нэгжид хүрсэн нь зах зээлийн нийт өсөлт, тэлэлт өндөр байгааг илэрхийлж байгаа бол 2021 оны Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны дүнгийн 75%-ийг компанийн бонд эзэлсэн. Биржээр дамжин олон нийтэд арилжаалагдсан компанийн нээлттэй бондын арилжаа 2021 оноос 2022 оны эхний хагас жилийн дотор 775 тэрбум төгрөг байсан бол мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцдог биржийн бус зах зээл шинээр бий болж, тус зах зээлд арилжаалагдсан компанийн хаалттай бондын арилжаа жил хүрэхгүй хугацаанд 800 тэрбум төгрөгт хүрсэн нь энэ зах зээлийн хөгжил маш эрчимтэй явагдаж байгааг харуулж байна.

Хэдийгээр манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжиж байгаа ч иргэд, байгууллагын хувьд хөрөнгийн зах зээл шинэ ойлголт хэвээр байна. Тиймээс бид энэ том зах зээлийг улам хөгжүүлж, Монгол улс төдийгүй дэлхийн улс орнуудад инфляц өндөр байгаа энэ үед хөрөнгө оруулагчдад хуримтлал, хөрөнгө оруулалтаа солонгоруулах, эрсдэл харьцангуй багатайд тооцогддог бондын зах зээлийн талаарх ойлголтыг түгээх, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах шаардлагатай байна.

-Хөрөнгийн зах зээлийн энэхүү өсөлт хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй байх бол?

-Энэ бол сайн цагийн дохио юм. Хувьцааг эрсдэл гэж үздэг иргэдийн хувьд өмнө нь зөвхөн хадгаламж гэсэн сонголт байсан бол одоо бонд цоо шинэ хүчирхэг сонголт гарч ирлээ. Ялангуяа хадгаламжийн хүү буурч, инфляцын түвшин өндөр байгаа энэ хүндхэн цаг үед иргэд үнэ цэнийн уналтыг сөрсөн илүү найдвартай, өндөр өгөөж бүхий орлоготой байхыг эрмэлзэж байна.

Мөн сүүлийн үед иргэдийн санхүүгийн боловсрол илүү нэмэгдэж, валютын ханш, хүүнд их мэдрэг болж хүүний эрсдэлээс өөрсдийгөө сэргийлдэг боллоо. Монголчууд хөрөнгийн зах зээлд өөрт тохирсон хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлж, дотоодын болон дэлхийн томоохон компаниудад ч мэдээлэл судалгаатайгаар хөрөнгө оруулдаг болсон. Мэдээж энэ цаг үед үнэт цаасны компаниудын мэргэжлийн шинжээчид, брокеруудын мэдээлэл, судалгаа, зөвлөгөө ус агаар мэт чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн.

-Бондын хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгө оруулагчид юун дээр анхаарах ёстой вэ?

-Аливаа үнэт цаасанд хөрөнгө оруулахаас өмнө тухайн үнэт цаасыг гаргасан компаниа сайтар судлах хэрэгтэй байдаг. Тухайлбал, компанийн засаглал, удирдлагын ур чадвар, үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд, зах зээлд эзлэх хувь хэмжээ, цаашдын чиг хандлага, өсөлтийн боломж гэх мэт. Мөн тухайн үнэт цаасыг эзэмшихтэй холбоотой гарах зардал буюу арилжааны шимтгэл, татвар, эзэмших хугацааны өгөөж зэргийг тооцоолж байх нь зүйтэй.

Хаалттай болон нээлттэй бондын хувьд дээрх ерөнхий мэдээлэл болон бондын купон буюу хүүгийн хувь хэмжээг анхаарч харахаас гадна бондтой холбоотой үүсдэг бонд гаргагчийн төлбөрийн чадварын эрсдэл, бондын барьцаа хөрөнгө, хүүгийн эрсдэл, бондын үнэ, хөрвөх чадварын эрсдэлийг анхаарах нь зүйтэй. Төлбөрийн чадварын эрсдэл гэдэг нь бонд гаргагч бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг заасан хугацаандаа хөрөнгө оруулагчдадаа төлөх чадварыг илэрхийлдэг ба бонд нь найдвартай барьцаа баталгаа хөрөнгөтэй байх ёстой байдаг. Түүнчлэн, тухайн бондын эрэлтээс шалтгаалж зах зээл дээр бонд нь анх гарсан үнээсээ их эсвэл бага ханшаар арилжаалагдах тохиолдол бий.

Өөрөөр хэлбэл хувьцаатай адил бондын үнийн өөрчлөлтөөс ашиг болон алдагдал хүлээж болдог. Олон улсын зах зээлд бондын үнэ хэлбэлзэл ихтэй байдаг бол дотоодын зах зээлд бондын үнийн хэлбэлзэл харьцангуй тогтвортой байдаг. Бондын нэг давуу тал нь бондын үнэ зах зээл дээр ямар байхаас үл хамааран хөрөнгө оруулагч бондын хүүгээ тогтоосон хүүгийн хувь хэмжээгээр тогтоосон өдрөө авдаг тул тогтмол өгөөжтэй үнэт цаас гэж нэрлэдэг.

Хэрэв хөрөнгө оруулагч тухайн бондоо анх худалдан авснаасаа хойш, хугацаа дуусах хүртэл эзэмших бол бондын ханшийн эрсдэлд орохгүй. Харин бондын хөрвөх чадвар гэдэг нь та эзэмшиж буй бондоо хүссэн үедээ зах зээл дээр худалдах эсхүл зах зээлээс худалдан авах боломжтой эсэхийг илэрхийлдэг үзүүлэлт юм.

Нээлттэй бонд гэдэг бол Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид бүртгэгдэж, биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалагдаж буйг хэлдэг бол хаалттай бонд нь Биржийн бус зах зээлд бүртгэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын дунд арилжаалагддаг онцлогтой. Түүнчлэн хөрөнгө оруулагчид бонд гаргагч болон бондын мэдээллээс гадна андеррайтерын эрх бүхий үнэт цаасны компанийн ур чадвар, чадамжийг анхаарах хэрэгтэй.

Бонд гаргагчдад өндөр шалгуур тавьдаг, бондын судалгааг чанартай хийдэг мэргэжлийн шинжээчидтэй, хариуцлага өндөр, бондын хөрвөх чадварыг хангаж ажилладаг үнэт цаасны компанийг сонгох нь чухал. Мөн таны худалдан авч буй бонд нь биржийн болон биржийн бус зах зээлд албан ёсоор бүртгэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн андеррайтер байгууллагаар дамжин бонд мөн эсэхийг нягталж байхыг зөвлөж байна.

Монголчууд ер нь мэдээлэл судалгаагүйгээр, бусдыг дагаж танилынхаа хэлснээр арилжаанд оролцох хандлагатай байдаг. Хэрэв бусдыг дагаж хөрөнгө оруулалтын буруу шийдвэр гаргасан бол энэ нь санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн хохирол дагуулдаг тул та өөрийн гэсэн судалгаагаа зайлшгүй хийж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээс мэдээлэл, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын шийдвэрээ бусдыг дагаж биш өөрөө бие даан гаргах нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын баримтлах алтан дүрмийн нэг юм.

Эдийн засгийн гэнэтийн шокууд гадаад дотоод хөрөнгийн зах зээлд шууд нөлөөлдөг учир дотоодын болон томоохон гүрнүүдийн зах зээлийн мэдээлэлтэй ойр байх нь маш чухал. Гэхдээ мэргэжлийн шинжээч, брокеруудын тусламжийг авснаар хөрөнгийн зах зээл танд илүү хялбар санагдах нь ойлгомжтой. Ти Ди Би Капитал ҮЦК-ийн хувьд хөрөнгө оруулалтын хичээлийн багш шиг л заадаг юм.

-Хөрөнгө босгох гэж буй компаниудын хувьд ямар тохиолдолд нээлттэй эсвэл хаалттай бонд гаргадаг вэ?

-Аливаа байгууллага үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт босгодог. Гэвч хамгийн том бэрхшээл бол цаг хугацаа юм. Иймд, бонд гаргах компани нь хэзээ, хэр хэмжээний хөрөнгийг ямар хөрөнгө оруулагчдаас босгож, татварын дараах өгөөж ямар байх боломжтой зэргийг андеррайтертайгаа зөвлөлдсөний үндсэн дээр нээлттэй эсвэл хаалттай бонд гаргах шийдвэрээ гаргах нь зүйтэй.

Нээлттэй бонд гаргахад Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржийн бүртгэлд бондоо бүртгүүлэхэд хаалттай бондоос илүү цаг хугацаа шаарддаг бөгөөд зардал өндөртэй байдаг. Иргэдийн хувьд хөрөнгө оруулалтын нээлттэй сангуудын биржээр арилжаалагдаж буй нээлттэй бондуудад хөрөнгө оруулах боломжтой. Түүнчлэн, хөрөнгө оруулагчдад очих өгөөжийн хувьд нээлттэй бонд нь татварын хөнгөлөлттэй байдаг.

Хаалттай бондыг гаргахад Биржийн бус зах зээлд бондоо бүртгүүлэхэд хурдан бөгөөд бонд зардал багатай байгаа нь хөрөнгө оруулагчдад очих өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Мэргэжлийн хөрөнгө оруулагч иргэн болон байгууллагын шалгуур үзүүлэлтийг зохицуулах байгууллагаас тогтоож өгдөг. Аль ч нөхцөлд бондын зах зээлд албан ёсоор бонд гаргаж, хөрөнгө татах гэж буй байгууллагад тавигддаг шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа эсэхэд үнэт цаасны компани нарийн судалгаа, шинжилгээн үндэслэн холбогдох бүртгэлийн байгууллагуудаар үнэт цаасыг бүртгэж, зах зээлд гаргадаг байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.