Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн дараа Сөүл хотын захиргаа “Parasite” хэлбэрийн орон сууцнуудыг хориглохоор боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот 100 гаруй жилийн түүхэндээ үзээгүй том үерийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ.

Энэ гамшгийн үеэр орон сууцны суурийн давхарт амьдардаг дөрвөн хүн усанд живж амиа алдсан юм.

Ядуу амьдралтай гэр бүлүүдийн амьдардаг ийм төрлийн сууцыг Оскарын шагналт “Parasite” кинонд тодорхой үзүүлдэг.

Тэгвэл Сөүл хотын захиргаа цаашдаа ийм хэлбэрийн сууцнуудыг хориглох талаар төлөвлөж эхэлжээ.

Төлөвлөгөөний дагуу байрны эздэд “банжиха” гэж нэрлэдэг суурийн давхрын сууцнуудаа бүрмөсөн хаах 10-20 жилийн хугацаа өгөх гэнэ. Мөн шинээр баригдах барилгуудад ийм сууцнууд байгуулахыг хориглохоор болсон байна.

2020 оны байдлаар Сөүл хотын айл өрхүүдийн 5 орчим хувь буюу 200,000 айл суурийн болон хагас суурийн давхруудад амьдарч байжээ.

Энэ долоо хоногийн эхээр Сөүл хотын зарим хэсэгт 525 мм-ийн хэмжээтэй хур тунадас унасан нь сүүлийн 115 жилийн түүхэнд тохиолдоогүй үзэгдэл болсон юм.

Гамшгийн үеэр хамгийн цөөндөө 11 хүн амиа алдсан байна.

Тэдгээрийн дотор нэг гэр бүлийн гурван хүн болох 40-өөд насны эмэгтэй, түүний дүү эмэгтэй, дүүгийнх нь хүүхэд болох өсвөр насны охин орон сууцны суурийн давхарт живж амиа алдсан юм.

Тэдний амьдардаг сууц Сөүлийн хамгийн чинээлэг дүүрэг болох Ганнамаас холгүй оршдог Силлим-донд байжээ.

Тэдгээрээс гадна 50-аад насны нэг эмэгтэй мөн суурийн давхрын сууцандаа живж амиа алдсан юм.

Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд баян хоосны ялгаа улам нэмэгдэж байгаа. Үүнд коронавирусийн цар тахал тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Дөрөвдүгээр сард Шинхан банкнаас гаргасан тайланд өгүүлснээр тус улсын топ 20 хувьд багтдаг чинээлэг гэр бүлүүд болон хамгийн ядуу гэр бүлүүдийн орлогын ялгаа 2019 оноос хойш тасралтгүй нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg