Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын замд долдугаар сарын 26-нд хүчтэй борооны улмаас эвдрэл үүссэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тухайн асфальтбетон хучилтын хууларсан хэсгийг засварласан эсэх талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны холбогдох мэргэжилтнээс тодруулахад "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын багц нэгдүгээр хэсэг болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх авто замын трассын ПК10+000-ПК15+000 хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үерийн ус замын даланг 100 орчим метр өргөнтэй хөндлөн давсан байдаг.
Хөндлөн давж урсахдаа замын голын тусгаарлах бетон хашлагыг урсгаж, тухайн 3-4 тонн жинтэй бетон хашлага нь унахдаа замын асфальтбетон хучилтын гадаргууг эвдсэн. Үерийн улмаас эвдэрсэн хэсгийн замыг засварлах ажлын хөрөнгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж дээрх даатгалын компаниас гаргаж, тухайн засварын ажлыг хийж дуусгасан байгаа.
Эвдэрсэн хэсгийн замын асфальтбетон хучилтын хуулж авсан бөгөөд тухайн хэсэгт шинээр асфальтбетон хучилт дэвссэн" гэдгийг хэлэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяраас тодрууллаа.
-Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийгдэж байгаа. Эдгээр багцын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын хоёр эгнээ авто зам /өмнө ашиглагдаж байсан/-ыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-өөр, нэмэлт хоёр эгнээ авто зам /шинээр нэмж барих/-ыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус тус хэрэгжүүлж байна. Төслийн зам барилгын ажлыг дараах таван багц хэсэгт хуваан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
-Багц тус бүрийн ажил хэдэн хувьтай үргэлжилж байгааг танилцуулахгүй юу?
-Азийн Хөгжлийн Банк (АХБ) санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд багц 1, 3, 5 дугаар хэсгийн хучилт дуусаж, нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн.
Дараагийн гүйцэтгэгч компанийг өнгөрсөн оны долдугаар сард сонгон шалгаруулж, багц 2 дугаар хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр, багц 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Чайна Гео Инженеринг Корпораци” ХХК-тай тус оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, зам барилгын ажлыг эхлүүлсэн. Ажлын хэрэгжилтийг багц тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:
-2022 оны аравдугаар сард Дарханы замын ажил дуусна хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд хэлж байсан. Тэгвэл энэ жилдээ багтаж ашиглалтад орж чадах уу. Ажлын явц ямар түвшинд байна вэ?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, суурь хучилтын ажлыг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Тухайн төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай байгуулсан гэрээний хүрээнд авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна. Зам барилгын ажлын үндсэн үе шатны ажлуудыг дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ онд багтаан нээхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох төрийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд онцгой анхаарал хандуулан төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замаар зорчиж байгаа иргэд замын ажил зогсонги байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буй. Сүүлийн үед зам засварын ажлыг үргэлжлүүлэхэд ямар асуудалтай тулгарч байна вэ?
-Энэ жил ойрын 1-2 сарын хугацаанд тухайн төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэрт үргэлжилсэн устай бороо ихээр орж зам барилгын ажил хийж гүйцэтгэхэд саад учруулж байна.
Тус яамнаас томилогдсон ажлын хэсэг зам барилгын ажлын талбай дээр ажиллаж, төслийн ажлыг эрчимжүүлэх болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж буй түр замын засвар, арчлалтыг техникийн шаардлагын дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэх талаар үүрэг даалгавар, чиглэлийг гүйцэтгэгч болон зөвлөх компанийн удирдлага, инженер техникийн ажилчдад өгч, тухайн ажлын хэрэгжилтэд байнгын хяналт тавин ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!