Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Үерт эвдэрсэн Дарханы замын суурин асфальтбетон хучилтыг энэ сарын 30-н гэхэд засварлаж дуусна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Өчигдөр орсон хүчтэй борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын замд эвдрэл үүссэн.

Тодруулбал, баруун аймаг руу салах уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь километрийн 140 метр хэсгийн асфальтбетон хучилт эвдэрсэн юм.

Энэ асуудлаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр 30 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн ус тухайн зам дээгүүр ус давсан. Тодруулж хэлбэл, замын голын тусгаарлагч болох метр орчим өндөр, нэлээд хүнд, блокон хашлагыг үерийн ус 140 орчим метрийн өргөнтэйгөөр давсан бөгөөд давахдаа тухайн хашлагуудыг унагаасан юм.

Тэр хүнд хашлага унахдаа асфальтбетон хучилтад хүчтэй цохилт өгч, улмаар үүссэн завсраар нь ус ороод 100 гаруй метрт замын асфальт хууларсан явдал болсон.

Ямартай ч эвдрэл үүссэн асфальтыг хуулж аваад доод талын суурь нь ямар хэмжээнд байгааг бага зэрэг сэврээж байгаа. Хэрэв доод талыг нь засахааргүй бол хатаагаад 100 гаруй метр асфальтбетон хучилтыг сольж дэвсэнэ.

Одоогоор засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд долдугаар сарын 30-н гэхэд дуусгахаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ нэг их сүртэй асуудал биш.

Гол нь хүчтэй үерийн ус зам руу орохдоо бетон хашлагыг нураагаад, улмаар хүнд хашлага унахдаа зөвхөн суурин асфальтбетон хучилтыг эвдэлсэн гэдгийг дахин хэлье. 

Түүнээс биш зүгээр хүчтэй борооны усанд хуулардаг зам гэж байхгүй. Үерийн улмаас зөвхөн тэр хэсгийн зам ч гэлтгүй 61-ийн гармын наад хэсэгт суурилдаг 70 орчим айл үерт автсан тухай мэдээлэл байна" гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн тухайн зам нь ашиглалтад ороогүй буюу зөвхөн суурь асфальтбетоноор хучсан байсан. Үүний дээрээс дахин таван сантиметр зузаан өнгө асфальтбетон хучилт хийгдэх ёстой гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч онцолсон юм.