Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос экспортын хэмжээгээр Японыг гүйцэхэд ойрхон болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Зүүн хойд Азийн хөршүүд болох Өмнөд Солонгос, Япон улсуудын  экспортын хэмжээний зөрүү улам бүр багасаж байгааг өчигдөр Сөүлд танилцуулсан албаны тоо баримт харуулжээ.

Өмнөд Солонгосын Худалдаа, Аж үйлдвэр, Эрчим хүчний яамнаас гаргасан тооноос үзвэл энэ оны эхний таван сарын экспортын хэмжээ Япон улсын ижил хугацаан дахь экспортын хэмжээнээс $16.2 тэрбумаар дутсан байна.

Өнгөрсөн оны мөн хугацаанд энэ зөрүү $55.7 тэрбум байжээ.

Зөвхөн тавдугаар сарын экспортын хэмжээг нь авч үзвэл Өмнөд Солонгос улс $61.6 тэрбумын бараа бүтээгдэхүүн экспортолж, Японы $56.3 тэрбумын экспортоос илүүрхсэн байна.

1980 онд Япон улс $134 тэрбумын экспорт хийж байхад Өмнөд Солонгосын экспортын хэмжээ үүний дөнгөж 13.4 хувьтай тэнцдэг байжээ.

Тэр үеэс хойш Өмнөд Солонгосын экспортын хэмжээ хурдтай өсөж,  2000 онд Японы экспортын 35.9 хувь, 2010 онд 60.6 хувь, 2021 онд 85.2 хувьтай тэнцдэг болсон байна.

Ойрын хугацаанд Өмнөд Солонгос улс экспортын хэмжээгээр Японыг гүйцэж түрүүлэх нь тодорхой болжээ. Гэхдээ хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1965 оноос хойш Өмнөд Солонгос Японтой хийдэг худалдаандаа тогтмол алдагдал хүлээж байгаа.

Тухайлбал энэ оны эхний хагаст Өмнөд Солонгос нийт гадаад худалдаандаа $10.4 тэрбумын алдагдал хүлээсэн бол зөвхөн Япон улстай хийдэг худалдаандаа $12.2 тэрбумын алдагдал хүлээжээ.

Үүнд тус улс Японы өндөр технологийн материал, эд анги, тоног төхөөрөмжөөс хамааралтай байдаг нь нөлөөлж байна.

 

Эх сурвалж: Korea Times