Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Гепатит С вирусийн эсрэг эмчилгээний эмийг онцгойлон хөнгөлсний үр дүнд оношлогдсон хүмүүс бүрэн эмчлэгдэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд гепатитын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/3173460472893866

ХӨСҮТ-ийн төлөөлөл "Манай улс гепатит В, С вирусийн халдварын туршилтын үнэлгээгээр "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг сайн туршлага болгон дэлхийн улс орнуудад түгээж байгааг дуулгахад таатай байна.

Монгол Улсын Засгийн газраас тухайн хөтөлбөрт тусгасан ажлууд нь дэлхийн улс орнуудад туршлага болохуйц үйл явдал болсон. Тухайлбал, гепатит С вирусийн эсрэг эмчилгээний үр дүн өндөртэй эмийг онцгойлон хөнгөлсний эцэст С вирусээр оношлогдсон хүмүүс бүр мөсөн эмчлэгдсэн байгаа. Харин гепатит В вирустэй хүмүүс эмчилгээгээ хийлгэж байгаа.

Монгол Улс санхүүжилтийг нь бүрэн олгож, дээрх хөтөлбөрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлж ажилласан үр дүнтэйгээр энэ өдрийг угтаж байгаад таатай байна.

Гепатит вирусийг илрүүлэх оношилгоо эмчилгээг цаг хугацааг алдалгүй эхлүүлж, тууштай үргэлжлүүлэн үр дүнтэй дуусгах, уг халдварын хүндрэлээс сэргийлэх нь нэн чухал.

Засгийн газраас дахин 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө үүнийг тусгасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоогоор гепатит В, С вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг хийж байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд одоогоор 242,000 хүн хамрагдаад байгаа.

Цаашид вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа архаг халдварыг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдаж, халдвартай илэрсэн бол мэргэжлийн эмчийн хяналтад орох, биеийн байдлаа тогтмол хянуулж, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, гепатит В вирусийн эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй.

В вируст гепатитын эрсэг вакцинд иргэдийг манай улс бүрэн хамруулж байгаа. Монгол Улс вакцинтай холбоотой асуудалдаа дэлхийд тэргүүлдэг буюу хүн амын вакцинд хамрагдсан хувь маш өндөр байдаг.

Гепатит вирусийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан иргэн бүрд тэгш хүртээмжтэйгээр хүргэж, санхүүжилтийг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэрийг гаргах чиглэлээр эрүүл мэндийн салбар бусад иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллана" гэлээ.