Өнөөдрийн ханшаар $181 саяын үнэ хүрэх 8,000 биткойноо олон жилийн өмнө санамсаргүй хог дээр хаясан Британийн иргэн алдсан хөрөнгөө буцааж олж авахын тулд $11 саяыг зарцуулах төлөвлөгөө боловсруулжээ.
Уэльсийн Ньюпорт хотын оршин суугч Жэймс Хоуэлс 2013 онд хуучин хатуу дискээ хаяхдаа андуураад биткойн хадгалсан дискээ хаясан юм байна. Хоёр диск яг адилхан байсан тул ийнхүү андуурсан ажээ.
Хаягдсан дискэнд өнөөдрийн уналттай ханшаар тооцоход л $181 саяын үнэ хүрэх хөрөнгө хадгалагдаж байв. Тэрбээр эдгээрийг биткойн төдийлөн үнэ хүрдэггүй байсан 2009 онд олборлож байжээ.
36 настай Хоуэлс олон жилийн турш орон нутгийн захиргаанаас хогийн цэгийг ухах зөвшөөрөл гуйгаад бүтээгүй юм.
Ньюпорт хотын захиргаа ингэх нь зардал өндөртэй, бас байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн шалтгаанаар татгалзаж байжээ.
Харин энэ удаа Хоуэлс нэгэн хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллаж, хогийн цэгийг ухах ажилд $11 саяын хөрөнгө гаргах санал боловсруулснаа хотын захиргаанд танилцуулах гэж байна.
Ньюпорт хотын хуучин хогийн цэг дээр 110,000 тонн хог хаягдал хуримтлагдсан байгаа юм.
Үүн дотроос хаягдсан хатуу дискийг олох нь маш хэцүү ажил.
Гэхдээ Хоуэлс хүний гар ажиллагааг робот нохой, хиймэл оюун ухаанд суурилсан машины хүчтэй уялдуулснаар хаягдсан эрдэнэсээ олж чадна гэдэгт итгэлтэй байгаа ажээ.
Хэрвээ хотын захиргаа хогийн цэгийг бүрэн ухах зөвшөөрөл өгвөл гурван жилийн дотор $11 саяыг эрлийн ажилд зарцуулахаар тооцоолсон байна.
Харин хэсэгчилсэн зөвшөөрөл өгвөл 18 сарын хугацаанд $6 саяыг зарцуулахаар төлөвлөжээ.
Тэрбээр энэ ажилдаа найман эксперт хөлсөлж байгаа ба тэдгээрийн нэг нь Колумбиа сансрын хөлгийн ослын газраас хар хайрцаг олоход гол үүрэг гүйцэтгэсэн мэргэжилтэн юм байна.
Хаягдсан дискний мэдээлэл хадгалах хэсэг эвдрээгүй бол биткойноо сэргээх 80-90 хувийн боломжтой гэж Хоуэлс тооцоолжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!