Долоо хоногийн амралтын өдөр нэг удаа хангалттай хугацаанд дасгал хийх нь өдөр бүр бага хугацаагаар хийснээс ялгаагүй үр дүнтэйг судлаачид тогтоожээ.
АНУ-ын судлаачид 350,000 хүний дасгал хөдөлгөөний дадал зуршлыг 10 жилийн хугацаанд харьцуулан судлаад дээрх дүгнэлтийг гаргаснаа “JAMA Internal Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Долоо хоногт хэдэн удаа хийхээсээ үл хамаараад нийлбэр хугацаа нь нэг хэмжээнд байвал үр дүн ялгаагүй болохыг уг судалгаа харуулжээ.
Тухайлбал долоо хоногт доод тал нь 150 минутыг дунд зэргийн эрчимтэй дасгалд зарцуулахыг судлаачид хүмүүст зөвлөсөн байна. Үүнд хурдан хэмнэлээр алхах, дугуй унах, теннис тоглох зэрэг дасгалууд багтжээ.
Эсвэл 75 минутыг өндөр эрчимтэй дасгалуудад зарцуулахыг зөвлөж байна. Үүнд гүйлт, усанд сэлэлт, хөл бөмбөг тоглох зэрэг багтжээ.
Дээрх хугацаануудыг нэг өдөрт зарцуулах, олон өдөрт хувааж зарцуулах нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө талаасаа ялгаагүй гэж дүгнэсэн байна.
Гэхдээ суугаа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өдөр бүр тодорхой хэмжээгээр хөдөлж байх нь зөв болохыг судлаачид онцолжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!