Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шоронд хоригдож байгаа Америкийн сагсан бөмбөгийн тамирчин ерөнхийлөгчөөсөө тусламж гуйжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Оросын шоронд хоригдож байгаа Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин эмэгтэй өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд хандаж, захидал илгээжээ.

Америкийн Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны оддын нэг, олимпын хоёр удаагийн аварга Бриттни Грайнер энэ оны хоёрдугаар сарын дундуур Москва хотод ирээд баривчлагдсан юм. Түүний ачаанаас каннабисын төрлийн мансууруулах бодис илэрсэн шалтгаанаар баривчлагдсан байна.

Грайнерын баривчилгаа Украины дайн эхэлж, Орос-Америкийн харилцаа муудах цаг үетэй давхацсан юм. Жо Байдены засаг захиргаа түүнийг улс төрийн шалтгаанаар “хилс хэрэгт гүтгэгдсэн” гэж үзэж байгаа.

Грайнерын шүүх хурал долдугаар сарын 1-ний өдөр Москвад эхэлж байв.

Хаалттай эхэлсэн шүүх хуралд нисэх буудлын гаалийн ажилтан болон бас нэг хүн гэрчээр оролцсон тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Гэвч өөр хоёр гэрч ирээгүй шалтгаанаар шүүх хурал долдугаар сарын 7-нд болж хойшлогдсон юм.

Грайнер захидалдаа “Найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хол, олимпын өмсгөлгүй, амжилт бүтээлгүй, бодлоосоо өөр ханьгүй Оросын шоронд сууж байхдаа би энд үүрд үлдэхээс айж байна. Өнөөдөр бол Вьетнамын дайны ахмад дайчин аавдаа болон эрх чөлөөний төлөө тэмцсэн бусад бүх хүнд хүндлэл үзүүлдэг долдугаар сарын 4-ний өдөр билээ. Энэ жилийн хувьд эрх чөлөөгөө хязгаарлуулсан миний бие өмнө нь хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байснаа дурсахад хэцүү байна” гэж бичжээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр нь АНУ-ын тусгаар тогтнолын өдөр юм.

“Намайг гэрт минь хариулахын төлөө чадах бүхнээ хийхийг танаас хүсэж байна. 2020 онд би анх удаа сонгуульд санал өгөхдөө таныг сонгосон билээ. Би танд итгэж байна. Эрх чөлөөг минь сэргээж өгвөл надад хийх бүтээх сайн сайхан зүйл их бий” гэж тэр АНУ-ын ерөнхийлөгчид бичжээ.

Америкийн Эмэгтэйчүүдийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос өчигдөр гаргасан мэдэгдэлд “Манай нэг иргэн Бриттни Грайнер хилс хэргээр Оросын шоронд хоригдож байгаа энэ үед тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх нь бидний хувьд маш хэцүү байна” гэжээ.

 

Эх сурвалж: Aljazeera