Уншиж байна ...

Узбекистан улс Каракалпакын автономит муждаа онц байдал тогтоов

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Узбекистан улсын засгийн газар Каракалпакын автономит муждаа нэг сарын хугацаатай онц байдал зарлажээ.

Онц байдал өнгөрсөн шөнийн 00:00 цагаас эхлэн хэрэгжсэн байна.

Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзёев үндсэн хуульдаа шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа. Уг шинэчлэлдээ Каракалпакын өөртөө засах эрхийг цуцлах тухай тусгасан нь энэ үндэстний цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч, онц байдал зарлах шалтгаан болжээ.

Мирзёев өчигдөр өөрийн биеэр Каракалпакт очиж, үндсэн хуулийн шинэчлэлтдээ тэдний өөртөө засах эрхийг хэвээр үлдээхээ амласан байна.

Баасан гарагт Каракалпакын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, орон нутгийн засаг захиргааны байранд халдсан юм.

Энэ үеэр цагдаа нар жагсаалыг хүчээр тарааж, толгойлогчдыг нь баривчилжээ.

Узбекистаны баруун бүсийг бүхэлд нь хамарсан газар нутаг бол Каракалпакстаны (хар малгайт) өөртөө засах муж юм. Энэ мужийн үндэстний цөөнх түрэг хэлний кыпчак хувилбараар ярьдаг, нүүдэлчин ахуй амьдралтай нь үндсэн узбек үндэстнээс ялгаруулдаг байна.

Мирзёев ойрын саруудад үндсэн хуулийн шинэчлэлтээр бүх нийтийн санал хураалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хэрвээ шинэчлэлт хэрэгжвэл тэр дахин хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болох юм.

 

Эх сурвалж: Aljazeera