Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИКЧИС) хоорондын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид Турк улсын Ван мужид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуулын ажлыг амжилттай хийжээ. 

Ингэхдээ Ван мужийн Хан тосгоноос Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотыг илрүүлсэн судалгааны ажлын талаар Монголын судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хүлэгү хаан 1252 онд Монголоос гарч Ираныг эзэлж, Сирийн дайнд явах замдаа 1259 онд "Аладаг" хэмээх уулын дэргэдүүр дайран өнгөрөхдөө тэр газарт дурлан Лавтай сагут буюу "лавтай суух" гэж нэрийдсэн тухай эх сурвалжид өгүүлдэг. Хүлэгү хаан зарлиг буулгаж 1261-1265 оны хооронд тус ордныг бариулах ажлыг хийжээ. Ордныг барихад их мөнгө дутагдсан учраас нэмэлт татвар хураасан бөгөөд хүнд хүчир ажлаас нь болж олон хүн, мал үрэгдсэн гэдэг. Үүнийг зүйрлэхдээ Эртний Египетийн Фараон хаан Израилын хөвгүүдийг дарласнаар ч хүнд хүчир ажил өрнөж боссон ордон гэх нь ч бий. Улмаар Ил хант улс задарсан хойно 1340 оны үед Монголын Жалайр болон Сүлдүс аймгийн ноёдын хооронд болсон тулалдааны үеэр уг ордон сүйрч, ашиглагдахгүй хаягдсан гэж сурвалжид бичсэн хэмээн МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр ярилаа. 

Хүлэгү хаан Монголоос гараад есхөн жил болсны дараа Аладагийн ордныг байгуулжээ. “Аладаг” гэдэг нь алаг уул гэсэн монгол түрэг холимог үг аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр "МУИС, ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн 2018 оноос хойш үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Турк, Иран дахь Монголын түүх соёлын дурсгалуудыг нээн илрүүлэх, судлах ажлыг хийж байгаа. Үүний хүрээнд 2022 оноос эхлээд Ил хант улсыг үндэслэгч Хүлэг хааны зуны ордон, Аладагийн хааны ордны хайгуул судалгаа хэмээх археологийн хээрийн шинжилгээний ажлыг эхлүүлж байгаа юм. 

Хамгийн гол нь Бүгд найрамдах Турк улсын Соёлын яамны албан ёсны зөвшөөрөлтэй археологийн хайгуулын ажлыг Ван аймгийн нутагт 2022 оны зургаадугаар сарын 2-18-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Монголын эзэнт гүрний үед хаадын амьдарч байсан ордон маш цөөн байдаг. Ийнхүү Хүлэгү хааны зун байгуулсан Аладагийн ордны туурийг сая шинээр олж, албан ёсоор зарлаж байна. Монголын археологийн түүхэнд Монголын судлаачид бие даан хилийн чанадад өөрсдийн өвөг дээдсийн дурсгалаа албан ёсны зөвшөөрөлтэй судалсан анхны тохиолдол. 

Энэхүү хайгуулын ажлын ач холбогдлын тухайд гэвэл Хүлэгү хаан Монголоос гараад есхөн жил болсны дараа байгуулсан. Өөрөөр хэлбэл, монгол хэв загвар шингэсэн, Хархорум хотын судалгаанд жишээ болгон ашиглаж болохуйц ордны туурь байсан гэдэг таамаглалтайгаар бид судалгааны ажлаа эхлүүлсэн" гэв. 

"Монголын хаадууд Христийн шашныг ивээж байсан тул сүмийн дээд хэсэгт болон библийн номыг дүрсэлсэн дурсгалдаа монгол хүнийг онцгойлон оруулсан гэж судлаачид үзсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Судлаач н.Болдбаатар "Ван муж нь 300 гаруй тосгонтой. Тэр газруудаар эрэл хайгуул хийж, тариалангийн талбайгаар явах нь ихээхэн бэрхшээлтэй байсан. Ван нуур нь эртний түүхтэй нуур ба өөрийн гэсэн өвөрмөц эко системийг бүрдүүлсэн нутаг байна лээ. Бидний эрэл хайгуул хийсэн бүс нутаг Ираны хилтэй маш ойрхон байсан. Эрэл хайгуул хийхдээ тус бүс нутаг нь хамгийн тааламжтай газар байсныг өөрийн биеэр мэдэрсэн. 

Тухайлбал, Ван нуурын голд байрлах Агт Амар гэх арал дээрх Христийн шашны сүмд Библийн сургаалд гардаг дүрсүүдийг гаргасан дурсгал дотор монгол хүний төрхтэй, тусгайлан шигтгэж хийсэн дурсгал байсан. Хувцас, хэрэглэлээс нь авхуулаад морины хударга, дөрөө, хүний дүр төрх, царай, малгай, гэзэг, нум, сум нь яалт ч үгүй монгол хүн байсан. Монголын хаадууд Христийн шашныг ивээж байсан тул сүмийн дээд хэсэгт болон библийн номыг дүрсэлсэн дурсгалдаа монгол хүнийг онцгойлон оруулсан гэж судлаачид үзсэн" хэмээв.