Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нацаг: Хортон шавж идсэнээс өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой

ikon.mn
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Байгаль орчны газраас  Улаанбаатар хотын  ногоон бүс болон зарим зуслан орчмын  ойн модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж  байгаа. Тиймээс иргэдийг ой модонд аялж, алхахгүй байхыг сануулсаар буй. Түүнчлэн хот орчмын ногоон бүс дэх ой модны өнгө зарим газарт өөрчлөгдөж, хортонд идэгдэж байж болзошгүй тухай иргэд мэдээлэх болсон. Тиймээс бид Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагаас нийслэлийн ойн бүсийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн ойролцоох ой модод зарим газарт өнгөө алдаж байгаа нь юутай холбоотой вэ. Хортон шавж идсэнээс болж байна уу?

-Тийм ээ. Энэ жил нийслэл төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 26,646 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 18 мянган га талбай байна.

-Хортон шавжтай тэмцэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ. Хөрөнгө мөнгө хүрэлцээтэй байдаг уу?

-Ойн хортон шавжийн тэмцлийн ажлыг судалгаанд үндэслэн БОАЖЯ-аас энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг. Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс энэ онд орон нутгаас батлагдсан төсвийн хэмжээнд авиа микробиологийн арга буюу агаарын хөлөг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Улиастайд 600 га, үүргийн шүршигч болон утаат багаж ашиглан микробиологийн аргаар Дээндий, Хуандай, Шар хоолойд тэмцлийн ажил өрнүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Яргайт, Богинын аманд 1002 га нийт 1602 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгүүлээд байна.

зураг
 

Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс Нийслэлийн төсвөөс дахин нэмэлт төсөв гаргах асуудлыг судалж байгаа. Боломжтой тохиолдолд уг ажлыг долдугаар сарын 08-ны дотор нэмэлтээр гүйцэтгэх боломжтой. Учир нь нийслэлийн ойн санд голомтолсон хөнөөлт шавжийн 80-аас илүү хувийг якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эзэлж байгаа бөгөөд эдгээр шавж нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхэйн шатыг дамжина.  Долдугаар сарын 10-аас хүүхэлдэйлэх ба гадуураа бүрхүүл үүсгэн хөрсөнд ордог. Тэр хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлж буй тэмцлийн аргуудаар устгах боломжгүй болох юм.

-Ойн хортон шавж хэр хурдан үржиж, тархдаг вэ?

-Манай орны шилмүүст ойд хөнөөл учруулдаг навч шилмүүсний хөнөөлт шавжийн нэг эмэгчин нь өндөглөхдөө дунджаар 200, хамгийн ихдээ 900 хүртэл өндөг гарган маш хурдан хугацаанд асар их талбайг хамарсан голомт үүсгэх аюултай байдаг. Ойн хөнөөлт шавж тухайн бүс нутгийн ойд 3-4 жилийн турш тархаж, давтамжтай хооллосон тохиолдолд ой ургах чадвараа алдах эрсдэлтэй. Иймд 2023 онд улс, нийслэлийн зүгээс онцгойлон анхаарч, судалгаанд үндэслэн төсвийг хангалттай хэмжээнд баталж, нэн даруй тэмцлийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.

зураг
 

-Хортонд идэгдсэнээс өнгө нь хувирсан мод эргэж сэргэх үү?

-1-2 жил дотроо хортон үүрлэсэн бол сэргэдэг. Түүнээс урт хугацаагаар хортонд идэгдэж хуурайшсан бол сэргэх боломжгүй.

-Сэргэхээргүй болсон модод хэр их байдаг вэ. Нэгэнт сэргэхгүйг нь цэвэрлэж цэгцэлдэг үү?

-1998-2002, 2013 онуудад хортон  шавж ихэссэнээс сэргэхээргүй хуурайшсан ой бий. Гандаж хуурайшсан модод хортон шавж үүрлэх үүр болдог сөрөг талтай. Тиймээс гоожингоор бэлтгүүлж, түлшний хэрэглээнд ашигладаг. Сүүлийн жилүүдэд, тухайлбал 2016-17 онд хортон шавжийн тэмцлийг сайн хийсэн тул 2018-2020 онд хортон шавж илрээгүй. Өнгөрсөн оноос хортон шавж нэмэгдэх хандлага ажиглагдаж энэ онд цөөнгүй газарт илэрсэн.

-Нийслэлийн ойн бүсэд хэдий хэмжээний газар, ой багтдаг вэ. Тэдгээрт хэчнээн төрөл зүйлийн мод,  ургамал байна вэ?

-Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүнд шинэс, хуш, нарс, гацуур, хус, улиас, бургас, улиангар бүхий шилмүүст ой зонхилдог. Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт талбайн хэмжээ 116.257 га талбай байгаагаас ойгоор бүрхэгдсэн 80 мянган га талбайтай.

-Эдгээрийн арчлалт, хамгаалалтад хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Байгаль орчны газраас дөрвөн жил тутам ойн сангийн менежмент төлөвлөгөөг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Манай байгууллагын зүгээс ой хамгааллын чиглэлээр жил бүр ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгаа, тус судалгаанд үндэслэн тэмцлийн ажил гүйцэтгэх, ойн цэвэрлэгээний арга хэмжээ, мөн сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түймрийн халз зурвас байгуулах, тогтмол хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар