Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас Хөх хот руу нисэж байгаа зорчигчид нислэгээсээ өмнө тав хоног карантилагдана

С.Отгонбаяр, Өдрийн сонин
2022 оны 6 сарын 28
Өдрийн сонин
Зураг зураг

-Монгол Улсад тав хоног карантилагдаад Хөх хотод дахин 14 хоног тусгаарлагдаж, Бээжин орох зөвшөөрлөө авна-

Долдугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн шууд нислэг үйлдэх тухай мэдээлэл яригдаад байгаа.

Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Гадаад Харилцааны Яаманд хандсан юм. Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас "Дөрөвдүгээр сараас эхлэн бид БНХАУ-д шууд нислэг үйлдэх тухай хүсэлтүүд тавьсаар ирсэн. Энэхүү хүсэлтийг удаа дараа хойшлуулсан. Уг нь долдугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар- Бээжин чиглэлийн нислэгийг үйлдэхээр тохирсон ч албан ёсоор хугацаа нь товлогдоогүй байна" гэсэн хариултыг өгөв.

Энэ талаар МИАТ компаниас тодруулахад "ИНЕГ-аас манайх зөвшөөрөл авч байж нислэгээ үйлддэг. Шууд өөрсдөө нислэг хийнэ гээд нисчихдэггүй. ИНЕГ гадаад харилцааны журмаар зохицуулсан зохицуулалтаар бид нислэгээ үйлдэнэ. Тиймээс энэ талаарх мэдээллийг ИНЕГ-аас авах байх" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасантай ярилцлаа.

-Долдугаар сараас Бээжин рүү нислэг үйлдэх боломжтой болсон талаар мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ковидын дараах сэргэлтийн нөхцөл байдлаар БНХАУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Хятад улсын тээврийн яам болон онцгой комиссоос хэд хэдэн шаардлага тавьсан. Улаанбаатараас Хятад руу нисэж байгаа зорчигчид Монгол Улсад нислэгээсээ өмнө тав хоног карантилагдана. Түүнчлэн нисэж очсон хотдоо 14 хоног карантилагдах зайлшгүй шаардлага тавигдаж байгаа. Мөн агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа давхар зөвшөөрөл авахыг шаардаж байгаа. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин нисэх зорчигчид "Эйр чайна" компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх хот орно. Хөх Хотод мөн 14 хоног карантилагдана.

Тэндээс цаашаа Бээжин явах зөвшөөрлөө авна. Монголын агаарын тээврийн компаниудын хувьд МИАТ компани Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар гэсэн чиглэлээр ниснэ. Карантины хугацаа мөн адил 14 хоног. МИАТ компани Улаанбаатар талаасаа 75 хувийн дүүргэлттэй явах шаардлагыг Хятадын талаас тавьж байгаа. "Аэро Монголиа" компанийн хувьд Улаанбаатар-Хөх хот чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Одоогоор Хөх хотын нисэх буудлаас нислэгийн зөвшөөрөл нь хараахан ирээгүй байна. Зөвшөөрөл ирвэл "Аэро Монголиа" компани шууд нислэг үйлдэхэд бэлэн.

-Тусгаарлагдах 14 хоногийн зардал хаанаас гарах вэ. Иргэд хувиасаа төлөх үү?

-Бидэнд ирж байгаа мэдээллээр зорчигч өөрөө эдгээр зардлыг хариуцана гэсэн. Агаарын тээврийн компаниуд тухайн нислэгийнхээ зорчиг чийн билетийг л гаргана.

-Хөх хотод буугаад цаашаа Бээжин рүү явах зөвшөөрлөө авах юм байна. Зөвшөөрөл нь гарсан хүмүүс цаашаа ямар унаагаар явах вэ. Нийтийн тээвэр ч юм уу, унаа тэрэг нь цааш явахад нь бэлэн байх уу?

-Бээжин явах зорчигчид Улаанбаатараас Хөх хотод очиж 14 хоног карантилагдана. Хэрэв цааш явахаар бол тухайн агаарын тээврийн компаниудаас зохицуулалтуудыг хийж байгаа. Монголын хоёр агаарын тээврийн компани нэг нь Хөх хот, нөгөө нь шууд Гуанжоу руу явж байгаа учраас ямар нэгэн байдлаар цаашаа дамжих нөхцөл байдал үүсэхгүй, тухайн хотдоо карентилагдаад явна.

-Дотооддоо тав хоног карантилагдах зочид буудал нь бэлэн байгаа юу?

-Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайд зохих ёсны шаардлагуудыг агаарын тээврийн компаниудад хүргүүлсэн. Гадаад харилцааны яамаар дамжаад манайд мөн шаардлага нь ирсэн. Тухайн агаарын тээврийн компаниуд зорчигчтойгоо хийсэн хэлцлийн дагуу буудал болон бусад үйл ажиллагааны явцыг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийгдэнэ.

-Энэ бүхнээс харахад зорчигч иргэдээс өндөр зардал гарах нь. Энэ бүх үйл ажиллагааны зардалд нэг иргэнээс хэдэн төгрөг гарах тухай тооцоолол гаргасан уу?

-Агаарын тээврийн компаниудын хувьд зөвхөн нислэгийнхээ тарифыг л тогтоож гаргана. Зорчигчтой нислэг үйлдэх үнээ л тохирно. Бусад карантилагдах шаардлагууд цэвэр Хятадын талаас тавигдаж байгаа учраас нэмэлт төлбөр гарна. Тухайн зорчигч агаарын тээврийн компанитайгаа нэмэлт гэрээ хийнэ. Үүнийг зорчигчийн билетийн үнэ гэж шууд ойлгож болохгүй.

-ИНЕГ-т тухайн агаарын тээврийн компаниудын тийзний үнийн тарифыг мэдэгддэг үү. Одоо мэдээлэл ирсэн зүйл бий юү?

-Одоогоор зах зээлийн эрэлт хэрэгцээгээр билет борлуулалт хийгдэж байгаа. Агаарын тээврийн компаниудын хувьд сардаа нэг удаа л нисэх боломж үүссэн. Тэгэхээр шууд тийзэнд хатуу үнэ тогтоох боломж байхгүй. Аль болох эрэлт хэрэгцээндээ нийцсэн үнийг санал болгож байгаа.

-Цаашид Бээжин, Хятад руу үйлдэх нислэг тогтмол явах уу?

-Тогтмол явна. Нислэгийг аажмаар нэмэгдүүлэх арга хэмжээг аваад явж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нислэг үйлдэгдсэнгүй. Энэ бол хоёр улсын хооронд хоёр жилийн дараа үйлдэгдэж байгаа эхний алхам. Цаашдаа ковидын нөхцөл байдал сайжрах юм бол нислэгийн тоо нэмэгдээд явах боломжтой.

-Хятад улсын хувьд бусад улсаас ирж байгаа нислэгийн зорчигчдоос ковидын тохиолдол илэрвэл тухайн улсын арын нислэгийг цуцалж байгаа талаар мэдээлэл байна. Манай улсад энэ талаар мэдээлэл хүргүүлсэн зүйл бий юү?

-Хятадын нисэх буудлуудаас нислэг үйлдэж байгаа агаарын тээврийн компаниудад тухайн нислэгээр хэдэн зорчигч ирсэн, түүнээс хэдэн хүнээс ковид илэрснээс хамаараад тодорхой хязгаарлалтуудыг үүсгэх магадлалтай гэдэг мэдэгдлүүдийг өгсөн байгаа.

-Тухайлбал, манай улсаас үйлдсэн нислэгээс хэдэн хүнээс ковид илэрвэл тухайн хязгаарлалтад орох вэ?

-Одоогоор бидэнд ирсэн мэдээллээр таван зорчигчоос ковид илэрвэл нислэг цуцлах нөхцөл байдал үүснэ гэсэн мэдээллийг ирүүлсэн.

-Зургаадугаар сарын 26-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас болоод хоёр нислэгийн цаг хойшилж өөр газар буусан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Чингис хаан олон улсын нисэх буудал Хөшигийн хөндийд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Хөшигийн хөндийд цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс шалтгаалаад Буянт-Ухаа нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглаж байна.

Урьд шөнө (26-27-нд шилжих шөнө) Чингис хаан олон улсын нисэх буудалд байгалийн хүчтэй үзэгдэл буюу маш хүчтэй өтгөн манан бууж алсын бараа харагдах байдал 200 метрээр багасаж нислэг буух боломжгүй бол сон. Энэ үед МИАТ компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг Буянт-Ухаа нисэх буудалд буусан. Мөн "Аэро Монголиа" компанийн Увсаас-Улаанбаатар чиглэлийн нислэг Буянт-Ухаад газардсан. Иймэрхүү цаг агаарын хүндэрсэн нөхцөлд Буянт-Ухаа нисэх буудалд газардуулаад хүлээлгэн өгөхөөс өөр арга байхгүй.

Орон нутгийн иргэдэд хорио цээр, ковидын нөхцөл байдлын шалгалт, хил гаалийн үзүүлэлтүүд хэрэггүй учраас шууд буулгаж, үйлчилгээ үзүүлсэн. Олон улсаас ирж буй зорчигчид яах аргагүй хилийн тусгай чиг үүргийн байгууллагууд ажиллах ёстой. Дээрээс нь газрын үйлчилгээ илүү шаарддаг учраас гурван цаг гаруй зорчигчдоо онгоцонд нь тодорхой үйлчилгээ үзүүлж хүлээлгэж байгаад 08:00 цаг дөхүүлээд Чингис хаан олон улсын нисэх буудлын цаг агаарын байдал сайжирсан учраас буцаж хөөрөөд Чингис хаан буудалд буусан. Ер нь агаарын тээврийн компаниудын хувьд цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад нөөц буудал ашиглана гэдэг нь томоохон давуу талуудын нэг.

Хэрвээ бид Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг нөөц байдлаар ашиглаагүй бол энэ хоёр нислэг буцаад явах, эсвэл Истанбулаас ирсэн нислэг Бээжин, Сөүл рүү нисэх нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр Сөүлийн нислэг үйлдэхэд талдаа гурван цаг гэхээр багагүй хэмжээний зардал гарна. Буянт-Ухаа нисэх буудлыг нөөц байдлаар ашигласнаар эдгээр зардлыг хэмнэж байна. Зорчигчид энэ үед тодорхой хэмжээнд саатахаас өөр аргагүй. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Суулгаагүй гэх асуудал хөндөгдсөн. Үнэхээр тийм асуудал үүссэн юм уу?

-Агаарын хөлөг онгоц дотроо зориулалтын 00-той. Т эдгээр 00 агаарт болон газарт байгаагаас үл хамааран үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байдаг. Одоогоор МИАТ компаниас тийм мэдээлэл ирээгүй байна. Өнөө өглөөний (өчигдөр өглөө) 05:00 цагаас хойш бид газар дээр нь ажилласан. МИАТ компанийн удирдлагууд, Буянт-Ухаа буудлын удирдлагууд, ИНЕГ-ынхан газар дээр нь ажилласан учраас бид нөхцөл байдлыг ажиглаж цаг тухай бүрд нь шийдвэрүүдийг гаргаж шуурхай арга хэмжээ авч байсан.

Цаашдаа Хөшигийн хөндийн нисэх буудалд цаг агаарын ийм нөхцөл байдал дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Үүнд бид түргэн арга хэмжээ авч зорчигчдод аль болох хүндрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллана.

Зураг