“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг уншигчдад хүргэхээр зорьж буй билээ. Бид энэ удаад Тайширын Усан Цахилгаан Станцтай (УЦС)-д хийсэн танилцах аяллын тэмдэглэлээс мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Монгол улсын эрчим хүчний систем нь үндсэн таван хэсгээс бүрдэх ба улсын хэмжээнд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020 оны байдлаар цагт 8,851.3 сая кВт хүрсэн байна. Монгол улсын эрчим хүчний хэрэгцээ сүүлийн арван жилд дунджаар тав орчим хувиар өссөн.
Зураг 1. Монгол улсын эрчим хүчний систем
(Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, 2021 оны тайлан)
Тиймээс цаашид өсөн нэмэгдэх энэхүү хэрэгцээг хангах зорилгоор Монгол улсын Засгийн Газар ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх Ногоон хөгжлийн бодлого (НХБ) болон Тогтвортой хөгжлийн бодлого-2030, Алсын хараа 2050 бодлогын бичиг баримтуудыг баталсан билээ. Үүнд нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлын нийт эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадалд эзлэх хувийг 2030 он гэхэд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.
Зураг 2. Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ ба эх үүсвэр, хувиар
(Эрчим Хүчний Зохицуулах Хороо, 2021; Монголын эдийн засгийн чуулган - 2022)
Монгол улсын дулааны станцууд 35-60 жилийн насжилттай, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай бөгөөд эрчим хүчний төв системд холбогдож горимын тохируулга хийхэд хамгийн тохиромжтой нь сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усан цахилгаан станц нэн тохиромжтой байна. Иймд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах нь эрчим хүчний сэргэлтийн нэг зорилт юм. Ингээд Тайширын усан цахилгаан станцын талаарх товч танилцуулгыг хүргэж байна.
Хангайн гол нуруунаас эх аван урсах Шар-Усны гол, Буянтын голууд Завхан аймгийн Отгон сумын дэргэд нийлж Завхан гол болж Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгуудыг дамжин урссаар Их Нууруудын хотгорын томоохон нууруудын нэг болох Айраг нуурт хүрдэг. 2007 оноос Завхан голын урсгалыг хааж, Улаан Боомын хавцалд 50 м өндөр, 75 м өргөн, 192 м урт далан байгуулж, голын усыг хуримтлуулснаар Монгол улсын түүхэнд хүний гараар бүтсэн анхны том хэмжээний нуур бий болсон.
Зураг 3. Гэгээн нуур 2022 оны 6-р сар (Зургийг М. Тэмүүжин)
Гэгээн нуур нь Завхан голын Улаан Боомын хавцалд 50 м өндөр, 75 м өргөн, 192 м урт далан байгуулж, голын усыг хуримтлуулснаар анх үүссэн. Гэгээн нуурын талбайн өөрчлөлтөөс үзэхэд 2007 оны VIII сарын дунд үеэс эхлэн усыг хуримтлуулж эхэлснээр түүний талбай жил тутамд тасралтгүй нэмэгдсээр байна. 2011 он хүртэл жил бүр нуурын ус нэмэгдэж, 2007 оныхоос даруй 5.3 дахин ихэссэн бөгөөд нуурын эргийн шугамын урт 2007 онд 19.7 км, 2011 онд 53.6 км-ийн урттай болж нэмэгджээ.
Зураг 4. 2007 – 2011 оны Гэгээн нуурын талбайн өөрчлөлт
(Landsat 5 хиймэл дагуулын зураг ашиглан боловсруулав)
Монгол оронд 1000 км2 – аас дээш талбайтай Увс, Хөвсгөл, Хар- Ус, Хяргас гэсэн 4 нуур, 50 км2 – аас их талбайтай 22 нуур бүртгэлтэй (Монгол орны гадаргын усны горим, нөөц, 2015) байдаг бөгөөд Гэгээн нуур нь 50 км2 – аас дээш талбайтай нууруудын тоонд багтаж 27 дахь нь болж байна. Энэхүү талбайн өөрчлөлтийг тооцохдоо 2007-2022 оны хооронд үүлэн бүрхэвч хамгийн бага, боловсруулалт хийхэд тохиромжтой 65 зураг буюу хиймэл дагуулын мэдээн дээр NDWI (Normalized Difference Water Index) аргазүйг ашиглан гаргасан бөгөөд доорх зургаас харна уу.
Зураг 5. Гэгээн нуурын гадаргын талбайн тооцоо
(Landsat 4-5 ™, Landsat 8 OLI цуврал хиймэл дагуулын мэдээг ашиглан боловсруулав)
Нийт судалгааны хугацаанд нуурын дундаж талбай 40.73 км2 байна. Үүнийг бусад нууртай харьцуулж үзвэл аялал жуулчлалын нэгэн томоохон цэг болох Өгий нуураас 2 дахин том хэмжээтэй болжээ.
Зураг 6. Тайшир УЦС-н далангийн харагдах байдал (Зургийг Т. Нандинцэцэг)
Тайширын усан цахилгаан станц нь 2008 оноос анхны цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд зуны улиралд Говь-Алтай аймгийн цахилгаан хэрэглээний 60-70%, өвлийн оргил ачааллын үед 50%-ыг дангаараа хангадаг. Суурилуулсан хүчин чадал нь 12.5 МВт буюу нийт 4 ширхэг цахилгаан эрчим хүч хувиргах турбин генератор (3 нь 3.35MВт, 1 нь 0.65МВт хүчин чадалтай) суурилагдсан байна. Станцын барилга нь газар дээр харагдах байдлаараа 1 давхар боловч газраас доош дахин 3 давхартай. 1-р давхарт ажилчдын оффис, хяналтын өөрөө зэрэг байрладаг бол газраас доош генераторын давхар, турбин давхар, хаалтын давхар байна. Генераторын давхар нь төв хоолойгоос ирэх механик энергийг цахилгаан энерги болгон хувиргадаг гол давхар бөгөөд 3 том генератор, хурд тохируулагч, генераторын удирдлагын систем зэрэг байрладаг. Турбин давхар нь нуураас ирэх даралттай усыг дун хоолойгоор дамжуулан турбиныг эргүүлэх үндсэн үүрэгтэй. Хаалтын давхар нь нуураас турбинд ус өгөх салбар хоолойнуудын хаалт арматур, тэдгээрийн туслах төхөөрөмжүүд байрладаг.
Зураг 7. УЦС-ын ажиллах зарчим: 1 – Усан сангаас орж ирэх урсгал турбиныг эргэлтэд оруулна, 2 – Турбин дээр суурилсан генератор цахилгаан үйлдвэрлэнэ.
Энэхүү Тайширын УЦС-ын бүтээн байгуулалт нь эрчим хүчний эх үүсвэр болоод зогсохгүй Гэгээн нуур нь тухайн бүс нутгийн ундны усны эх үүсвэр болоод байгаа билээ. Говь-Алтай аймгийн төв Алтай хотынхон 1950-аад онд Завхан голоос машинаар ус зөөж, ундандаа хэрэглэж байсан бол 1970 оноос худгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч усны чанар, ундны усны эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байсан аж. Ингээд 2000 оноос ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглаж эхэлсэн бөгөөд дээрх ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байсны улмаас 2002 оноос Завхан голоос ус татах санал яригдаж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж" төслийг 14 сая еврогийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд 2021 оны 11-р сард ашиглалтад орсон тус төсөл нь Тайширын усан цахилгаан станцын Гэгээн нуураас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 13,7м гүн ус цуглуулах худаг, ус цэвэршүүлэх байгууламж, дунд өргөлтийн насос станц, нөөц усны байгууламж, 54.8 км шугам хоолойгоор дамжуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 19,000 гаруй хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан ундны усаар тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна. Ингэснээр Говь-Алтай аймаг нь Монгол улсад гадаргын усыг цэвэршүүлэн ундны усанд хэрэглэсэн анхны аймаг болсон.
Монгол улсын дотоодын нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн ердөө 1.7%-г УЦС эзэлж байгаа бөгөөд цаашид энэхүү салбарыг өргөжүүлэх нь зайлшгүй шаардлагатай зорилт болоод байгаа билээ. Тийм ч учраас олон улсын туршлагаас суралцан, дотоодын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулах нь зүйтэй. Мөн усан цахилгаан станцын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болох байгаль экологийн эрсдэлүүдийг тооцож, түүнийг даван туулах арга хэмжээг боловсруулах шаардлагатай. Эцэст нь аливаа улс, орон нутагт цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь эдийн засаг, байгаль орчин, нийгмийн зэрэг олон талын ашигтай учир манай улс ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эрчим хүчний хомсдолын асуудлаа шийдвэрлэх биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|