Үүрэн холбооны цоо шинэ оператор ONDO нь харилцаа холбооны салбарт энэ цаг үед тулгарч байгаа асуудлуудыг шийдэхээр нэгдсэн залуусын компани юм. Энэ салбарт ажилласан туршлагатай, шинийг эрэлхийлэгч, мэргэжлийн хүмүүс ONDO хэмээх брэндийг үүсгэн байгуулжээ.
ONDO-гийхон байж болох хамгийн өндөр хурдаар интернэтийг түгээхээс гадна сүүлийн үеийн технологи болох VoLTE-г нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор тэд зах зээл дээр дугааруудыг худалдаанд гаргахаар болжээ. Хүн болгонд тэгш хүртээмжтэй байлгах үүднээс танил талаараа дамжуулан давуу байдал үүсгэдгийг үгүй болгож, хүссэн хүмүүс өөрсдөө вэб сайт руу ороод хүссэн дугаараа сонгох боломжтой платформыг бүтээсэн байна.
Дугаарын худалдаа 2022 оны 6 сарын 27-ны 10.00 цагт эхэлж 2022 оны 7 сарын 4-ний өдрийн 10.00 цагт дуусах юм байна. Тэд системд ачаалал үүсэхээс сэргийлж өдөрт хоёр серийн дугаар худалдаанд оролцуулах бөгөөд 6 сарын 27 буюу эхний өдөр 6001, 6002-оор эхэлсэн дугаарууд зарагдаж эхлэх юм. Үүнээс хойш өдөр болгон буюу 24 цаг тутамд дараагийн серийн дугаарууд доорх хуваарийн дагуу худалдааны системд нэмэгдэхээр зохицуулжээ.
Дугаарын сери |
Дуудлага худалдааны систэмд сери орох огноо цаг |
---|---|
6001-хххх болон 6002-хххх сери |
6 сарын 27, Даваа гараг 10:00 цагт |
6003- хххх болон 6004-хххх сери |
6 сарын 28, Мягмар гараг 10:00 цагт |
6005-хххх болон 6006-хххх сери |
6 сарын 29, Лхагва гараг 10:00 цагт |
6007-хххх болон 6008-хххх сери |
6 сарын 30, Пүрэв гараг 10:00 цагт |
6009-хххх болон 6010-хххх сери |
7 сарын 1, Баасан гараг 10:00 цагт |
Хэрэв 1 дугаарыг 2 ба түүнээс дээш хүн сонирхож байвал үнэ хаялцан авах боломжтой. Дугаарын худалдааны дараагийн өдөр эхлэхэд өмнөх өдөр задарсан сериүдээс зарагдаагүй үлдсэн дугаарууд мөн идэвхтэй байх аж. Жишээ нь 6 сарын 29-нд 6005 болон 6006 серийн дугаарууд задрахад өмнөх өдрүүдэд задарсан 6001 - 6004 серийн дугааруудаас зарагдаагүй үлдсэн дугааруудаас сонгох боломжтой юм байна.
Та www.ondo.mn веб сайтад хэрэглэгчийн бүртгэл үүсгэн, нэг удаа 22,000 төгрөгөөр “TRY ME” багцыг аваад дуудлага худалдаанд оролцох боломжтой. Мөн бусад операторуудтай харилцан холболт хийж дуустал ONDO-ийн сүлжээнд яриа, мессэж хязгааргүй байхаас гадна сар бүр 10GB DATA авах юм. Дугаарын эхлэх үнэ 0₮ байх бөгөөд хэрэв таны сонгосон дугаар дээр 1 цагийн хугацаанд өөр хэн нэгэн өрсөлдөж, үнийг өсгөөгүй бол тухайн дугаарыг шууд авах боломжтой.
Харин, үнийн дүн өсөх бүрд дуудлага худалдааны цаг 10 минутаар сунгагдаж нийтдээ 18 удаа буюу 3 цагаар сунгагдах боломжтой. Ингэснээр эрэлт ихтэй дугааруудын дуудлага худалдаа хамгийн ихдээ 4 цаг үргэлжлэх юм. Хугацаа дуусахад хамгийн өндөр үнийн санал өгсөн хүн тухайн дугаарыг авах эрхтэй болно.
Та өөр хүний оруулсан үнийг өсгөхдөө хамгийн багадаа 5,000₮-өөр нэмж дуудах боломжтой. Харин хамгийн ихдээ өмнөх оролцогчийн дуудсан үнийг 2 дахин өсгөж болох ажээ. Мөн өөрийн санал болгосон үнийн дүнг өөрөө дахин өсгөх боломжгүй юм. Жишээ нь, өмнөх оролцогч 100,000₮ санал болгосон байвал дараагийн хүн хамгийн багадаа 105,000₮, хамгийн ихдээ 200,000₮ санал болгох боломжтой.
Харин дугаарын үнэ 1 сая төгрөгөөс дээш гарвал үнэ өсгөх доод дүн нь нэмэгдэж 50,000₮ болно. Жишээ нь өмнөх оролцогч 1,200,000₮ гэж дуудсан байвал та хамгийн багадаа 1,250,000₮ гэж, хамгийн ихдээ 2,400,000₮ гэж дуудах боломжтой. Хэрэв дугаарын үнэ 10 сая төгрөгөөс дээш болбол оролцогчийн нэмж дуудах үнэ хамгийн багадаа 500,000₮ байх юм.
“TRY ME” багцыг идэвхжүүлсэн бүх оролцогчид 1 сая төгрөг хүртэл үнэ хаялцах эрхтэй. Эсвэл 1 сая, 5 сая, 10 сая төгрөг дэнчинд байршуулснаар доорх байдлаар үнэ хаялцах эрхээ тус бүр нэмэгдүүлэх боломжтой.
Байршуулах дэнчин |
Үнэ хаялцаж буй дугаарын үнийн түвшин |
---|---|
0 төгрөг (дуудлага худалдаанд орох эрхтэй) |
1,000,000 төгрөг хүртэл |
1,000,000 төгрөг |
1,000,000-аас 20,000,000 төгрөг хүртэл |
5,000,000 төгрөг |
20,000,000-аас 50,000,000 төгрөг хүртэл |
10,000,000 төгрөг |
50,000,000-аас 500,000,000 төгрөг хүртэл |
Дэнчинг дуудлага худалдааны вебсайт дээр заагдсан дансанд дуудлага худалдаа явагдаж байх хугацаанд, эсвэл дуудлага худалдаа эхлэхээс өмнө урьдчилан байршуулж, гүйлгээний утга дээр нь регистрийн дугаар (эхний 2 үсгийг кириллээр), бүртгэлтэй утасны дугаараа үнэн зөв, алдаагүй бичих шаардлагатай. Хэрэв гүйлгээний утга алдаатай бичигдвэл дэнчин баталгаажиж орох хугацаа удаашрах эрсдэлтэй шүү.
Хэрэв дэнчингийн мөнгө байршуулан дуудлага худалдаанд оролцоогүй, эсвэл дуудлага худалдаанд оролцсон ч дугаар авч чадаагүй бол ONDO.mn вэб сайтаар хүсэлт гарган байршуулсан мөнгөө 100 хувь буцаан авч болох ба 1,000,000 төгрөгийн дэнчин байршуулсан бол ажлын 1 өдөрт, 5,000,000 төгрөгөөс дээш дэнчин байршуулсан бол ажлын 2 өдөрт багтаан дэнчингийн мөнгийг буцаан олгоно.
Дуудлага худалдаагаар нэг хүн 2 хүртэлх дугаар авах боломжтой. Хэрэв таны үнийн санал өгсөн дугаар дээр өөр хүн илүү өндөр санал өгсөн тохиолдолд тухайн дугаар дээр үнэ өсгөх эсвэл өөр ямар нэг дугаар дээр санал өгч болох ажээ. Дуудлага худалдаагаар 2 дугаар авсан тохиолдолд хоёр дахь дугаарын TRY ME багцын үнийг нэмж төлөх юм.
Хэрэв 1,000,000 төгрөг хүртэлх дүнгээр дугаар авсан бол ялагч болсноос хойш 1 цагийн дотор төлбөрийг төлөх шаардлагатай. Дугаарын төлбөрөө төлөөгүй бол тус дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулахыг анхаарна уу. Харин 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй дугаар авсан бол заагдсан дансанд ялагч болсноос хойш 24 цагийн дотор шилжүүлэх боломжтой. Дансны дугаараар төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр хэрэглэгч өөрийн регистрийн дугаар (эхний 2 үсгийг кириллээр), холбоо барих дугаар болон ялсан дугаарыг үнэн зөв, алдаагүй бичих шаардлагатай.
ONDO-гийн сүлжээ одоогоор зөвхөн Улаанбаатар хотыг 95 хувь хамраад байна. Сүлжээгээ тэлэх ажлыг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд 2023 оноос хөдөө орон нутаг болон бусад байршлуудад сүлжээ орох юм. Мөн одоогоор зөвхөн VoLTE дэмждэг утсанд дугаараа суулгаснаар ONDO-ийн сүлжээндээ яриа хийж, мессэж бичих боломжтой. Энэ нь iPhone Xs болон түүнээс хойших загварын утас дээр ажиллана гэсэн үг юм.
ONDO брэндийн гол давуу тал нь технологио өөрсдөө бүтээж байгаа болохоор түүнийгээ яаж ч, хүссэнээрээ загварчилж болдогт оршдог байна. Мөн энэ технологиороо дамжуулаад харилцаа холбооны салбарт одоо байгаа доголдлуудыг нэг мөсөн засах зорилготой байгаа гэнэ.
Өнөө үед хүмүүс харилцаа холбооны хэрэгцээнийхээ 80 хувийг интернэт орчинд, үлдсэн 20 хувийг яриа болон мэссежээр дамжуулан шийдвэрлэж байна. Үндсэн хэрэглээ интернэт дээр суурилж байгаа учир ONDO брэнд интернэтийн үйлчилгээг байж болох хамгийн сайнаар хүргэхээр ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!