Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан шонхор”-ын эзэд тодорлоо

Э.Өнөр
2013 оны 12 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
TV9 телевизийн дуу оруулагч жүжигчин Н.Ялалт

Монголын телевизүүдийн холбооноос уламжлал болгон  зохион байгуулдаг “Алтан шонхор 2013” ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд үзэгчидтэй үдэш бүр телевизийн цэнхэр дэлгэцнээ мэндчилэн уулздаг хөтлөгч болон арын албаны уран бүтээлчид нэгэн дор хуран чуулсан юм.

Телевизийн урлагийн шилдгийг шалгаруулдаг “Алтан шонхор наадмын” дээд шагнал гардуулах ёслол арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, телевизийн салбарын шилдэг уран бүтээлчид болох МУСГЗ,  сэтгүүлч Д.Амбасэлмаа, “Hero entertainment”-ийн найруулагч Б.Баатар, “Боролдой” студийн захирал, найруулагч, зураач С.Мягмар, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт зэрэг олны танил эрхмүүд  хүрэлцэн ирж, шагнал гардуулсан  юм.

"Алтан шонхор-2013” наадмын зорилго нь  телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулж, цаашдаа илүү чанартай бүтээлүүд гаргах, телевизийн салбарыг улам хөгжүүлэх уран бүтээлчдийг нэгтгэх явдал билээ.

Тэгвэл энэ жилийн наадмыг Монголын телевизүүдийн холбоо, ”Eagle news” телевиз хамтран зохион байгуулсан юм.

Харин энэ удаагийн наадам нийт 18 төрөлд шилдгүүдээ тодруулсан юм. 

Энэ жилийн “Алтан шонхор-2013” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд телевизийн нэг ч захирал,  ороогүй бөгөөд  хөндлөнгийн мэргэжлийн уран бүтээлчдийн баг шүүснээрээ шалгаруулалт шударга болсон гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.  

Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Hero entertainment”-ийн найруулагч Б.Баатар, “Балдорж сан”-гийн тэргүүн Б.Нандинтүшиг, ахмад сэтгүүлч, МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа, Хэвлэлийн хүрэлээнгийн захирал М.Мөнхмандах, Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж, хяналт зорхицуулалтын албаны мэргэжилтэн О.Цэнд-Аюуш, МУГЖ Л.Чаминчулуун, “Maксима консалтинг” компанийн төлөөлөл Т.Энхтунгалаг, МУСГЗ, найруулагч Б.Жаргал, Монголын зураглаачдын ассоциацийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвдорж нар ажилласан юм.

Хөндлөнгийн есөн шүүгч нэр дэвшигч бүрт 1-10 оноо өгөх журмаар энэ жилийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулсан байна. 

Энэ жилийн наадамд “Eagle”, TV9,  TV5 зэрэг телевизийнхэн одтой байж, шагналын хур буулгасан юм. Дээрх  18 номинацийн эзэд “Алтан шонхор” наадмын алтан цомоо гардан авсан бөгөөд тэд хамтдаа Хонг-Конг руу аялан дэлхийн алдарт CNN телевизтэй танилцах эрхийг гардлаа.  Ингээд 2013 оны телевизийн салбарт “Алтан шонхор”-ын эзэн болон дүүлэн ниссэн уран бүтээлчдийг танилцуулья.

  • Шилдэг орон нутгийн телевиз: Орхон аймгийн MBS HD телевиз
  • Телевизийн шилдэг тайзны зураач: EAGLE телевизийн тайзны зураач Л.Баасан-Ёндон
  • Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг: TV25 телевизийн “Дуэт дуэль 2013” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч М.Амарбаяр
  • Телевизийн шилдэг графикч: TV5 телевизийн графикч Г.Энхцолмон
  • Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг: ЭХ ОРОН телевизийн “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг: БОЛОВСРОЛ телевизийн “Бонго” хүүхдийн нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг инженер зураглаач: NTV телевизийн зураглаач Х.Өлзийбаяр
  • Телевизийн шилдэг нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлэг: БОЛОВСРОЛ телевизийн “Тавин саяын уналт” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин: TV9 телевизийн дуу оруулагч жүжигчин Н.Ялалт
  • Телевизийн шилдэг инженер: TV5 телевизийн инженер Б.Одбаяр
  • Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг: NTV телевизийн “Их мастерын төлөө” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг найруулагч: TV9 телевизийн найруулагч О.Соёлт
  • Телевизийн шилдэг төсөл: UBS телевизийн “To be or not to be” төсөл
  • Телевизийн шилдэг дууны найруулагч: UBS телевизийн дууны найруулагч Э.Эрдэнэбаяр
  • Телевизийн шилдэг хөтлөгч: EAGLE телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа
  • Телевизийн шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг: EAGLE телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг мэдээ: EAGLE телевизийн ‘’Усны үнэ’’ мэдээ, cэтгүүлч М.Төгөлдөр зураглаач М.Ганбаяр нар хүртсэн юм.
Зураг