2022 оны зургаадугаар сарын 23-ны 14:41 цагт ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын дамжуулах сүлжээний трансформаторт гал гарч 200 МВт-ын гурван блок зогссоноос Буриадын 34 суурин газар болон Улаан-Үд хот орчмын зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлажээ. Уг осолтой холбоотойгоор манай улсын зарим газарт цахилгааны хязгаарлалт хийсэн талаар Эрчим Хүчний Яамнаас/ЭХЯ/ тайлбар гаргасан байна.
ЭХЯ "Аваарын үеэр Монголын эрчим хүчний систем, Буриадын эрчим хүчний системийн/ЭХС/ Селендум орчмын хэрэглээний хамт тусдаа гарсан ба ачаалал хөнгөлөх автомат төхөөрөмжийн үйлчлэлээр Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээний/ЦДҮС/ говийн бүсийн салбарт 3 МВт, Улаанбаатарын салбарт 58.5 МВт, төвийн бүсийн салбарт 1.2 МВт, хангайн бүсийн салбарт 5.1 МВт, зүүн өмнөд бүсэд 2 МВт орчим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалж системийн аваараас сэргийллээ.
Дотоодын эх үүсвэрүүдэд ачаалал нэмж системийн давтамжийг 49.7-49.9 Гц-ээр барьж ажилласан ба ОХУ-ын талаас схем холболтоо сэргээсний дараа 15:26 цагт 220 кВ-ын агаарын шугам 258-ыг залгаж, улмаар 15:34 цагт хэрэглэгчдийн цахилгааныг залгав.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын үндсэн тоноглолын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаагаас ОХУ-ын эрчим хүчний системд аваарын байдалтай, ОХУ-ын нэгдсэн системээс Буриадын эрчим хүчний систем рүү өгөх шугамын урсгал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн шалтгаанаар Монгол руу өгөх цахилгаан эрчим хүчний хэмжээг 10МВт чадлаас хэтрүүлэхгүй байхаар Буриадын диспетчерээс шийдвэр өгсөн тул 16:30 цагт ТБС-т P=15.3 МВт, ХБС-т P=13.9 МВт-ын хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлаж ажиллалаа.
ОХУ-ын Буриадын ЭХС-ийн Галуут нуурын цахилгаан станцын 200 МВт-ын хоёр блокийг ажилд залгасан ба 19:44 цагт хэрэглэгчдийн цахилгааныг буцаан залгаснаар Монголын эрчим хүчний систем хэвийн горимд шилжлээ.
Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид болзошгүй аваараас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Эрчим Хүчний сайд Н.Тавинбэх үүрэг болголоо" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|