Тech Invest- Ногоон сум 2022 арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Зайсан Хиллд амжилттай болж өнгөрлөө. Райнос Инвестмэнт ҮЦК, Өлзий энд Ко ҮЦК нар Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлж буй 5 технологийн компани болох Анд глобал, Сэндли, Ондо, Тапатрип, Бюти Сэкрэтс оролцжээ.
Үүний нэг болох Сэндли ББСБ нь 2022 оны 9 дүгээр сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох зорилготой ажиллаж байгаагаа арга хэмжээний үеэр танилцууллаа. Сэндли ББСБ-г олон нийтэд хувьцаагаа санал болгохоос өмнө БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сан болох ‘Rhinos – KAI Frontier Fund 1’-с хөрөнгө оруулалт хийж, стратегийн хөрөнгө оруулагч болохоор талууд тус арга хэмжээний үеэр гэрээнд гарын үсэг зурлаа.
Сэндли ББСБ тухай:
Сэндли нь олон улсад өрсөлдөхүйц технологи бүхий онлайн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг бие даан хөгжүүлж, 2020 оны 5-р сараас эхлэн зах зээлд нэвтрүүлсэн.
Өдгөө АНУ, Австрали, Япон зэрэг улсууд дахь монголчуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж, 15 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болсон ба өнгөрсөн хугацаанд 8.7 сая ам.доллар буюу 24.8 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг Монгол Улсын эдийн засагт оруулж иржээ.
Сэндли нь өөрсдийн үүсгэсэн олон улсын сүлжээгээр дамжуулан гадаад улсаас Монголдоо байгаа мэт онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, нийгмийн даатгалаа сайн дураараа төлөх, орон сууцны зээлд хамрагдах, онлайнаар үнэт цаасны зах зээлд оролцох зэрэг олон төрөлт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
2021 онд Англи болон Европын холбооны орнуудад үйл ажиллагаа явуулах албан ёсны тусгай зөвшөөрлийг Англи Улсын Санхүүгийн зохицуулах хороо FCA/Financial Conduct Authority/-оос авсан ба тус арга хэмжээний үеэр Европын холбооны 27 оронд үйлчилгээгээ нэвтрүүлэх нээлтээ хийлээ.
Татаж авах линк:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!