Боловсролын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхэд яаралтай бэлдэх Ажлын хэсэг байгуулагдаад буй. Өнгөрсөн хоёр жилд хэлэлцэгдээгүй энэ хуулиар боловсролын салбарт, ялангуяа чанар стандарт, багш бэлдэх тал дээр томоохон ахиц дэвшил гарна хэмээн тус ажлын хэсгийнхэн мэдээлж байгаа.
Гэвч хэлэлцүүлгийн явцаас харвал салбараа сайжруулж байгаагийн цаана хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших эрх, хүсэл эрмэлзэлд халдахуйц санаачилгууд хөндөгдөж байгааг, ялангуяа, Монгол Улсын боловсролын системийн гажуудал, доройтол, чанаргүйдэл гээд сүүлийн 30 жил боловсролын салбарын уналтад орсон бүх асуудлын буруутан нь хувийн сургуулиуд мэтээр нийгэмд ярьж байгаа нь шүүмжлэл дагуулаад байна.
Боловсролын шинэчлэлийн асуудлаар явуулсан “Өрөг” хэлэлцүүлэгт зочноор оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Боловсролын багц хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн Ч.Ундрам, “Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нар дараах байр суурийг хэлсэн юм.
Ийнхүү байр сууриа илэрхийлсэн ажлын хэсгийн гишүүд одоо байгаа ерөнхий боловсролын сургуулийн чанар стандартыг сайжруулах заалтуудыг хуульд тусгаж байгаа ба урт хугацаа шаардлагатайг дурдав.
Өөрөөр хэлбэл, хуулиа шинэчлээд ч ойрын таван жил дотор шийдэгдэж чадахааргүй болтол үүссэн гажуудлыг шийдэхдээ дээр дурдсан арга хэмжээнүүдийг авах санаачилгыг гаргаад байгаа нь хувийн сургуулиудын эрх ашгийг хөндөж байгаа тул энэ талаар Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Н.Номингоос байр суурийг нь сонслоо.
-Боловсролын багц хууль хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар хувийн сургуулиудын асуудал нэлээд хөндөгдөж буй. Ялангуяа, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс хугацаа олгоод хувийн сургуулиудыг бүр болиулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Боловсролын ерөнхий хууль болон бусад дагалдах хуулиуд багтсан. Тус хуулийн төсөл дэх бүлэг, заалт болгонд Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны гишүүн сургуулиудын захирлууд туршлага, инновацад тулгуурласан тодорхой саналуудаа хүргүүлж, хувийн хэвшлийн 167 сургуульд суралцаж буй 53.7 мянган суралцагч, 5,700 гаруй багш ажилчдын эрх ашиг зөрчигдөхгүй байлгах үүднээс асуудалд ул суурьтай хандан ажиллаж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар манай ерөнхий боловсролын салбарт олон шинэчлэл хийгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа.
Гэтэл УИХ-ын зарим гишүүдийн зүгээс тодорхойгүй зорилгоор иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөр дамжуулан өнөөдрийн төрийн өмчийн сургуулиудын хүртээмжгүй байдал, сургалтын чанар ахихгүй байгаагийн гол асуудал нь хувийн сургуулиуд мэтээр нийгэмд ойлгуулан боловсролын үндсэн зорилгыг гажуудуулан асуудалд хүчээр хандах гэж дайрч буйд харамсаж байна.
Төрд өнгөрсөн 30 жилд боловсролын салбарт оновчтой, зөв бодлого хэрэгжүүлэн, хувийн хэвшилтэйгээ зэрэгцэн улсын сургуулиудын өрсөлдөхүйц чанарыг нэмэгдүүлэн, боловсролын үйлчилгээний тэгш хүртээмжийг бий болгон хөгжүүлэх бүрэн боломж байсан уу гэвэл байсан. Гэтэл эсрэгээрээ сургууль, цэцэрлэгийг сонгуулийн байр, штаб, вакцины цэгүүдэд ашиглан, сургуулийн удирдлага багш ажилтнуудыг улс төрийн ажилтнууд болгон талцуулж, багшийн үнэлэмжийг унагаан, хамаг өнгөтэй өөдтэй гэсэн газруудыг зарж үрэн өнөөдрийн цементэн ширэнгийг ирээдүй хойч үедээ барьж байгуулчхаад байна.
Үүний үр дүнд сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлгийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэн, боловсролын ялгаатай байдал газар авч, сурч хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх олигтой газар ч үгүй, хүүхдүүд боловсрол, эрүүл мэнд, амь насаараа хохирч буй гашуун үнэнээс өнөөгийн улстөрчид зугтаан олон улсад салбартаа манлайлан, чадварлаг боловсон хүчний суурийг бэлтгэн, төрийн ачааллыг үүрэлцэж яваа хувийн сургууль, цэцэрлэгүүдийг буруутган үгүйсгэж байгаатай би санал нийлэхгүй.
-Хувьсах зардлыг эсвэл бүр олгохоо больё гэсэн санал гарч байгаа. Энэ нь хувийн сургуулиудад яаж нөлөөлөх вэ? Хувьсах зардал хувийн сургуулиудад яг ямар хэмжээний дэмжлэг болж ирсэн бэ?
-Хувьсах зардал гэдэг зүйлийг төр эхлээд олон нийтэд тайлбарлах хэрэгтэй, ихэнх нь ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй гэж ойлгоод байдаг. Гэтэл боловсролын үйлчилгээний энэ зардлыг төр татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж байгаа. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар хувьсах зардал бол хувийн сургуулиудын мөнгө биш, энэ бол хүүхэд бүрд ногдох боловсролын үйлчилгээнд зарцуулагдаж буй зардал.
Өөрөөр хэлбэр, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх болох “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” хэмээн заасны дагуу тухайн хүүхэд хаана, аль сургуульд суралцаж байгаагаас нь хамааран дагаж очдог хүүхдийн боловсролд зарцуулагдах ёстой мөнгө. Энэ мөнгө хувийн сургуульд суралцаж буй хүүхдэд ялгаатай буюу багаар ногдож очдог.
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” хэмээн заасан. Гэтэл татвар төлөгч иргэд төрийн ачааллыг багасгахад хувь нэмрээ оруулан, хувийн сургуулийг сонгон хүүхдээ сургасных нь төлөө төр иргэндээ ялгавартай хандах ёсгүй.
Нийт хувийн сургуулийн 85 орчим хувь нь 5 саяас доош төгрөгийн сургалтын төлбөртэй. Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө тогтоохдоо нэг сурагчид ногдож буй зардлаас төрөөс олгож буй хувьсах зардлыг нь хасаж тооцон тогтоодог. Хэрэв хувьсах зардлыг хувийн сургуульд суралцаж буй хүүхдүүдэд олгохгүй гэвэл сургалтын төлбөр тэр хэмжээгээрээ нэмэгдэнэ. Эргээд татвар төлөгчдийн нуруун дээр шууд ачаа болж ирнэ.
Нэг судалгаа дурдъя.
2019-2020 оны хичээлийн жилд төрөөс хувийн сургуулиудад суралцаж буй 48.3 мянган суралцагчдад 17.4 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ингэснээрээ тэр хүүхдүүд улсын сургуульд сурч байсан бол төсвөөс санхүүжүүлэх байсан нэмэлт 54.9 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Энэ хэмнэсэн мөнгө боловсролын бусад хэрэгцээтэй гэсэн хэсэгтээ бүрэн зарцуулагдсан эсэх талаар тодорхой тайлан тооцоо олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй. Учир энэ хэмнэлтийг хувийн сургуулиуд, тэнд хүүхдээ суралцуулж буй татвар төлөгчид бий болгож байгаа.
-Хувийн сургуулиудыг хааснаар боловсролын салбарт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ?
-Хэрэв төрөөс хувийн сургуулиудаа хаах бодлого баримтлах юм бол боловсролд оруулсан хөрөнгө оруулалтууд татагдаж, боловсролын үйлчилгээний чөлөөтэй, сонголттой байх зарчим алдагдахын зэрэгцээ боловсрол сургалтын чанарын асуудлаас үүдсэн гадаад боловсролын маш том цагаачлал буй болж валютын урсгал гадагшаа чиглэнэ. Энэ бол улс эх орны боловсрол, нийгэм, эдийн засагт учрах нөхөж баршгүй том эрсдэл.
Гэтэл БШУ-ны яамнаас гаргасан “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-д Үндэсний статистикийн газрын 2018 оны суурь түвшинтэй харьцуулан гаргасан хүн амын өсөлтийн 2030 он хүртэлх таамаглалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн тоо ирэх 2025 онд 200 орчим мянгаар нэмэгдэх, шинээр 20 гаруй мянган багшийг бэлтгэх шаардлагатай байгааг онцгойлон дурдсан нь одоо удахгүй нүүр тулах бодит асуудал.
Энэхүү ачааллыг төр хувийн хэвшил хамтдаа үүрэлцэнэ. Иймд ирээдүй хойч үеийн нийгмийн хөгжил, улс эх орны эдийн засгийн чадавхыг тодорхойлох ерөнхий боловсролын үйлчилгээний хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд бидэнд төрөөс алсаа харсан зөв, уян хатан бодлого, хамтын ажиллагаа, бодит дэмжлэг хэрэгтэй, мэдээж хувийн хэвшлийн зүгээс туршлага, инновац, ноу хауг харамгүй хуваалцан бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаа.
Энэ талаар хувийн сургуулийн төлөөлөл “Хүүхдүүдийг тэгш гараанаас эхлүүлнэ гэдэг нь сүүлийн 30 жил салбартаа түүчээлэн, энэ салбарын ачааны хүндийг үүрч, гадаад дотоодод урдаа барих чанартай боловсролыг олгож буй хувийн сургуулиудаа хойш чангааж, бүр алга болгохыг хэлэхгүй. Тэгш боломж нэрийн дор хувийн сургуулиудыг боож хаах нь өнгөрсөн зууны эрх баригчдын хамтралжуулах нэгдэлжүүлэх нэрээр гаргасан алдааг давтаж байгаатай ижил бөгөөд ийм шийдвэрийн урт хугацаанд улс орон, нийгмийн хөгжилд учруулдаг хор хохирлыг түүх бидэнд тодхон харуулж байгаа” гэсэн байр суурийн мөн илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүний жишээ татан ярьсан, ашгийн төлөө биш гэж нэрлэсэн Харвард, Стэнфордын их сургуулийн жилийн төлбөр нь 47-57 мянган ам.доллароос эхэлдэг. Үүн дээр байр, даатгал хоол зэрэг бусад зардлыг тооцвол 70 гаруй мянган ам.доллар болно. Түүнчлэн тэд хандив олон нийтийн арга хэмжээгээр мөнгө босгодог байна. Тухайлбал, 2021 онд Стэнфорд 1.39 тэрбум ам.доллар босгосон бол Харвард 1.38 тэрбум доллар босгосон бөгөөд тус сургууль $53.2 тэрбумын хандив босгож байснаараа бусад сургуулиа олон улсад тэргүүлдгийг Блүүмбергийн тооцооллоос харж болно. Гэхдээ энэ хандив нь татварын тогтолцоотойгоо уялдсан байдаг тул нэг төрлийн татварын эх үүсвэрийг сургуульд хуваарилаж буйгаас ялгаагүй юм.
“Сэлбэ” дунд сургуулийн захирал Д.Батболд "Финланд, Герман улсад ерөнхий боловсрол үнэ төлбөргүй олгодог гэж хүмүүс ойлгоод байх шиг. Үнэндээ чөлөөт зах зээлийн нийгэмд үнэгүй юм гэж байхгүй. Энэ зардлыг төр нь хариуцдаг. Жишээ нь Финланд улс нэг хүүхдэд 8,800 евро буюу 29,374,400₮-ийн зардал гаргадаг. Энэ бол чанараараа дэлхийд тэргүүлж буй боловсролын үйлчилгээний өртөг буюу орлого, зарлага нь балансалж буй мөнгөн дүн. Тэгэхээр Монголд ашгийн төлөө сургалтын байгууллага бараг л байдаггүй ажээ" хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.
Герман улсын боловсрол үнэ төлбөргүй гэдэг. Тэгвэл үүнийг улс нь дараах байдлаар зохицуулдаг. Германы Засгийн газар бага ангийн хүүхдэд сарын 460, дунд болон ахлах ангийн хүүхдэд 560 еврогоор тооцож, 12 сарын турш санхүүжилт олгодог байна. Өөрөөр хэлбэл, жилд 5,520-6,720 еврог хүүхэд бүрийн тоогоор олгохоос гадна сургуулийн түрээсийн зардалд нэг метр квадратыг нь 10 еврогоор тооцон сар бүр улсаас олгодог ажээ. Мөн хувийн сургуулийн багш нарыг төрийн албан хаагч хэмээн тооцож бүхий л эрх, хөнгөлөлт, хангамжийг нь өгдөг юм байна.
Энэ мэтчилэн улс орнууд боловсролын салбараа янз бүрийн байдлаар дэмждэг бөгөөд одоохондоо манай улстай харьцуулахад хамаагүй хол жишээнүүд ажээ. Тиймээс эдийн засгийн орлого, улсын хөгжлөөрөө 10 дахин өндөр улсууд, хүүхэд бүрийн боловсролд жилдээ хамгийн багадаа 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг төсвөөсөө зарцуулж чаддаг Герман, Финланд, Солонгосын жишээг биш, Монгол Улстай төстэй хөгжлийн замнал бүхий Казахстан улсын жишээг авч үзье.
Казахстанд мөн улсын сургуулийн хүрэлцээ дутмаг байгаа тул хувийн сургуульд сурч буй хүүхдүүдийн тоогоор сургуульд нь төрөөс жилийн 700 ам.доллар буюу 2.2 сая төгрөгийг хувьсах зардалд хуваарилдаг байна. Улс нь үүсээд буй сургуулийн хэрэгцээг хангахаар хувийн хэвшлээ дэмжин ажиллаж буйн өөр нэг жишээ бол хувийн сургуулийн байрыг банкны зээлийн санхүүжилтээр барьсан тохиолдолд зээлийн хүүгийн тодорхой хэсгийг урт хугацаанд хариуцаж даахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн сургууль барьж байгуулахад банкнаас жилийн 15 хувийн хүүтэй зээлийг 7 жилийн хугацаатай авлаа гэхэд зээлийн хугацаанд хүүгийн төлбөрийн 9 хувийг нь улс төлж, сургууль үлдсэн 6 хувиа л төлөх байдлаар дэмжлэг үзүүлдэг ажээ.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд боловсролын салбарт зарцуулах төсвийн хуваарилалт нэмэгдэж байгаа ч дээрх хэмжээнд дэмжлэг үзүүлэх нөөц боломж Монгол Улсын төсөвт байхгүй. Ч.Ундрам гишүүний санаачилж байгаачлан уул уурхайн салбараас орж ирэх ашгийг таван жилийн турш боловсрол, эрүүл мэндийн салбартаа зөвхөн зарцуулж чадвал дорвитой дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж болох юм.
Харин одоогийн байгаа нөхцөлд томчуудын шийдэх гол асуудал нь улсын төсвийн санхүүжилтийн оновчтой шийдэл.
Улсаас олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоогоо нэмэх боломжтой ч төсвөөс ямар хэмжээний зардал гарч байгааг дараах жишээ харуулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд Хэнтий аймгийн Бэрх тосгонд 6 орчим тэрбум төгрөгөөр олон улсын хөтөлбөртэй сургууль барьсан.
640 хүүхдийн суудалтай тус сургуульд эхний жилд 208 хүүхэд суралцуулахаар төлөвлөөд буй.
"Кембрижийн хөтөлбөртэй нэг сургууль байгуулахад:
нийт зардал нь 8.5 орчим тэрбум төгрөг болж байгаа юм" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулж байсан.
Төсвийн өндөр зардлаас гадна үр ашиггүй хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэгүүд дээр маш олон хийж байгааг Үндэсний Аудитын газар танилцуулсан байдаг. 2020 оны улсын төсвөөс л гэхэд 9 аймагт хэрэгцээ шаардлагагүй сургуулийн барилга барихаар баталсныг мэдээлж байв. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд л гэхэд нэмж 120 орчим суудал шаардлагатай байхад үүнээс 5 дахин их суудал нэмэхээр төлөвлөсөн бол цаана нь 62 байршилд анги дүүргэлт хэтэрсэн, сургууль барих зайлшгүй шаардлага байсаар байгааг аудитын тайлангаар танилцуулсан юм.
Хүснэгт. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд батлагдсан хэрэгцээ, шаардлагагүй ерөнхий боловсролын сургуулийн барилга
Байршил | Хүн амын тоо | ЕБС-ийн хүчин чадал (суудлын тоо) | |||
---|---|---|---|---|---|
Аймаг | Сум | Норматив хэмжээ | Суурилагдсан хүчин чадал | 2020 онд нэмэлтээр төлөвлөсөн | |
Төв | Дэлгэрхаан | 1,776 | 205 | 320 | 160 |
Архангай | Хайрхан | 3,718 | 428 | 720 | 320 |
Хэнтий | Өмнөдэлгэр | 5,890 | 678 | 560 | 640 |
Завхан | Идэр | 2,529 | 291 | 320 | 320 |
Завхан | Сонгино | 1,522 | 175 | 320 | 320 |
Увс | Тэс | 5,181 | 596 | 1,080 | 320 |
Хөвсгөл | Их-Уул | 4,188 | 482 | 720 | 320 |
Архангай | Хашаат | 3,212 | 370 | 640 | Өргөтгөл |
Төв | Заамар | 5,808 | 670 | 860 | 320 |
Хувийн сургуулиудын сурагчдын амжилтыг мөн үгүйсгэх аргагүй.
“Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн дурдсанчлан “Хувийн сургуулиуд чанартай гэдэг нотолгоо дэлхий даяар байхгүй” гэдэг нь өрөөсгөл болохыг дараах мэдээллүүд харж болно.
Хамгийн сүүлд болсон Улсын математикийн 58 дугаар олимпиадын дүнг харвал олон улсын математикийн олимпиадад орох эрхээ авсан зургаан сурагчийн дөрөв нь хувийн сургуулийнх бөгөөд нийт медаль хүртсэн 29 хүүхдээс 16 нь хувийн сургуулийн сурагч байв. Улсын сургуулиас 2-3 сургуулийн л нэр дурдагдсан бол “Сант” сургуулийн сурагчид үнэмлэхгүй амжилт үзүүлсэн байна. Тус сургууль улсын төдийгүй олон улсын олимпиадад ч тогтмол өндөр амжилт үзүүлсээр байгаа.
Мөн саяхан болж өнгөрсөн хүүхдийн баяраар нийслэлийн шилдэг 26 сурагчийг шалгаруулснаас 18 нь хувийн сургуулийн сурагчид байв.
Орчлон, Сант, Хобби, Эмпати, Хүмүүн гэхчлэн олон сургууль сурагчдаа дэлхийн топ сургуулиудад амжилттай элсүүлэн суралцуулах, хэдэн арван тэрбум төгрөгөөр илэрхийлэх тэтгэлэг авахад нь дэмжлэг болж, улмаар олон монгол хүүхэд эх орныхоо нэрийг олон улсад гаргах үүд хаалга нээгдэж байдаг билээ. Харин дэлхийн топ их сургуульд элсэн орвол төрөөс олгодог тэтгэлэг, зээл шударга эсэх, хүрэлцээтэй эсэх, тэгш хүртээмжтэй эсэх нь шүүмжлэл дагуулдаг. Энэ нь эргээд төсвийн зарцуулалтаа оновчтой болгох шаардлагыг илэрхийлж буй.
PISA шалгалтын тухайд сургуулийн чанарыг бүрэн илэрхийлдэггүй буюу хүүхэд уншсан зүйлээ хэрхэн ойлгож буйг улс орнуудын хэмжээнд харьцуулан харуулдаг тест болохыг багш нар сануулж байна. Ерөнхий боловсролын тогтолцоог улс орнуудын хооронд харьцуулдаг ба Монгол Улсын хувьд өмчийн хэлбэрээс үл хамааран бүх сургуулийн зайлшгүй үзэж буй цөм хөтөлбөрийн чанар, хичээл, сэдвүүдийн уялдаа, сурах бичгийн ойлгомжтой байдал, багшийн бэлтгэл зэрэг суурь зүйлүүдийг үүгээр хардаг гэж ойлгож болно.
Эцэст нь, хүүхдүүд хувийн сургуульд сайн боловсрол эзэмшиж, олон улсад тэтгэлэг авч, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байгаа нь тэдний буруу биш. Тэд боломжийг ашиглан чанартай боловсрол эзэмшихээр хувийн сургуулийг зорьж буйг буруутгах аргагүй. Үүний төлөө зүтгэж байгаа эцэг эхчүүдийг ч буруутгах аргагүй. Чадвараа үнэлүүлээд өндөр цалингаар хувийн сургуульд багшилж байгаа багш нарын ч буруу биш.
Боловсролын ерөнхий хуулийн төсөлд 10.1.Суралцагч дараах эрхтэй гээд
зэргээс гадна 18 дугаар зүйл.Боловсролын сургалтын байгууллага
Харин хэлэлцүүлгийн явцад гарч буй санаачилгууд нь ийнхүү шүүмжлэл дагуулж, сургуулиуд болон сурагчдын эрхийг хөндөж, цаашлаад боловсролын салбар дахь ололт амжилтыг унагах эрсдэлтэйг ийнхүү талууд байр сууриараа илэрхийлж байна. Эцэг, эхчүүдээс авсан төлбөрөө хувийн эд хөрөнгөдөө зарцуулж байгаа эсэхийг төр хянах нь зүйн хэрэг. Гагцхүү бүр мөсөн байхгүй болгоод бүх хүүхдийг тэгш гараанаас хамруулна гэвэл эсрэгээрээ олон мянган хүүхдийн сурах эрхийг хааж боох эхлэл болж мэдэх юм. Яг л улсын эмнэлгүүдийн чанарыг сайжруулж чадахгүй байгаа болохоор төлбөр төлж хувийн эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлэх боломжийг хааж байгаагаас ялгаагүй.
"Хувийн сургууль бол орлого зардал нь тодорхой аж ахуйн нэгж байгууллага. Үндсэн санхүүжилт нь эцэг эхчүүдийн хүүхдүүддээ боловсрол олгохоор төлж буй сургалтын төлбөр. Зуны хугацаанд анги танхимын засвар үйлчилгээ, дараа жилийн бэлтгэл ажлаа ханган хичээлийн жилийн эхэнд хүүхдүүддээ хаалга үүдээ нээдэг нь хэнд ч тодорхой" гэдгийг хувийн сургуулиудын төлөөлөл хэлж байна. Тиймээс бэлтгэл ажлаа базаахын тулд эцэг эхчүүдтэй зөвшилцсөн төлбөрийн хуваарь, гэрээгээр зохицуулагдаж буй харилцаанд хутгалдахаас илүүтэй салбарын алдааг эрх баригч, хууль тогтоогчид өөрсдөөсөө хайж, бодлогоо оновчтой тодорхойлох нь эхний алхам байх болов уу.
Төрийн зүгээс улсын сургуулиудын чанар стандартыг хувийн хэвшлийн хөгжүүлсэн түвшинд зэрэгцүүлэн хүргэж, бүх хүүхдүүдээ чанартай боловсрол эзэмших боломжоор хангахад хамгийн түрүүнд анхаарч, төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
100 СЭТГЭГДЭЛТЭЙ
|