Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх хүртэлх бүх шатыг хянах тогтолцоог нэвтрүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр АПУ ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 

АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан танилцуулгын үеэр "Монголчуудын баяр цэнгэл, бүхий л цаг мөчид АПУ компанийн бүтээгдэхүүн цуг байсан. АПУ компанийн 25 хувийг Голландын Heineken компани эзэмшиж байна. Энэ компани Монголыг тоогоод, АПУ-гийн 25 хувийг эзэмшинэ гэдэг нь бид дэлхийн стандартыг хангасан жишээ" гэлээ.

зураг
 

Түүнчлэн тэрбээр "Алтан говь" бол өндөр зэрэглэлийн шар айраг бөгөөд Солонгос улс руу экспортолж эхлээд байгаа. Харин Сэнгүр шар айргийг БНХАУ-д, Боргиог ОХУ-д экспортолж байгаа хэмээн онцолсон юм.

Тус компанийн үйлдвэрлэж буй бүхий л бүтээгдэхүүнийг лабораторийнх нь ажилтнууд 24 цагийн турш шинжлэх бөгөөд шинжилгээ бүрд давхар хяналтын шинжилгээг хийдэг байна. Мөн өнгөрсөн онд Qualass технологийг нэвтрүүлснээр түүхий эдээс байхаас нь эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, хадгалалт, түгээлт хүртэлх бүх явцыг хянадаг болжээ. 

"АПУ ХК-д дотоодын шингэн хүнсний хэрэглээг хангаад зогсохгүй экспортолж байгаа сайн жишиг бий"

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай "Цар тахлын дараах том асуудал бол хүнсний хомсдол, хүнсний хангамж болсон. Монгол Улс үүнд цаг алдалгүй онцгой анхаарах хэрэгтэй байгаа тул энэ агуулгын хүрээнд Төрийн тэргүүн шат дараатай арга хэмжээг авч байгаа.

Тухайлбал, өчигдрөөс эхлэн хүнсний томоохон үйлдвэрүүдтэй танилцаж, бодит байдал ямар байна вэ, асуудлыг яаж оновчтойгоор шийдвэрлэх вэ зэрэгт анхаарч байна. Өнөөдөр АПУ ХК дээр ирж танилцлаа. АПУ ХК-д дотоодын шингэн хүнсний хэрэглээг хангаад зогсохгүй экспортолж байгаа сайн жишиг бий.

Түүнчлэн төрийн тэргүүн хариуцлагатай хэрэглээг онцолж байгаа. Өнгөрсөн хавар "Эрүүл монгол хүн" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Үүний нэг гол ажил нь өндөр градустай архины градусыг буулгах санаачилга гаргасан. Энэ дагуу АПУ ХК 34 градустай архи үйлдвэрлэж эхэлсэн нь төрийн бодлогоо дэмжиж буй нэг жишээ боллоо" гэлээ.

Ц.Эрдэнэбилэг: Ирээдүйн таван жилд нийт борлуулалтынхаа 20-оос доошгүй хувийг экспортоос олох төлөвлөгөөтэй байна

зураг
 

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

- АПУ ХК хүнсний аюулгүй байдалд хэрхэн анхаарч, ямар технологиудыг нэвтрүүлж байна вэ?

- Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон төр, засгийн удирдлагууд манай групп компани дээр ажиллаж, бидний үйл ажиллагаатай нарийвчлан танилцлаа. Бидний өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнийг ойлгосон байх гэж итгэж байна.

Хүнсний аюулгүй байдал бол үйлдвэрлэгч хүмүүсийн хамгийн чухал асуудал байдаг. Стандарт маш чухал. АПУ ХК нь түүхий эд, туслах материал, үйлдвэрлэх, бэлэн бүтээгдэхүүнийг агуулах руу зөөх, түүнээс хэрэглэгчдэд хүргэх зэрэг бүх түвшний үйл ажиллагаагаа нарийн стандартжуулсан. Энэ бол улсдаа анх удаа хийгдсэн томоохон шинэчлэл байсан гэж бодож байна. 

- Танай компанийн экспортын хэмжээний талаар асууя. Одоогоор гурван улсад бүтээгдэхүүнээ экспортлохын зэрэгцээ туршилтын экспортыг Европын холбооны улсуудад эхлүүлсэн тухай та танилцуулгадаа дурдаж байсан?

- Экспорт бол бидний хамгийн чухал ажлын нэг.

Улс орнууд өөр өөрсдийн хууль эрх зүйн орчин, стандарттай байдаг. Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд тухайн улсуудын хууль эрх зүйн орчинд нь нийцүүлж, бараа бүтээгдэхүүн, шошгоо үйлдвэрлэж экспортоор гаргаж байна. Хамгийн чухал хоёр зах зээл бол БНХАУ, ОХУ-д онцгойлон анхаардаг.

Өнгөрсөн онд ОХУ-ын зах зээлд 2020 оны хэмжээнээсээ 204%-аар борлуулалт өссөн бол БНХАУ-д 405%-ийн өсөлт үзүүлээд байгаа нь томоохон үр дүн гэж үзэж байгаа. Ирээдүйн таван жилд нийт борлуулалтынхаа 20-оос доошгүй хувийг экспортоос валютаар олох төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

- Согтууруулах ундааны градусыг буулгах Ерөнхийлөгчийн санаачилгыг танай компани дэмжиж, хэрэгжүүлж байгаа талаар сая танилцууллаа. Энэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн үү?

- Ерөнхийлөгчийн зарлиг гарч, согтууруулах ундааны градусыг багасгах санаачилга гаргасан. Үүнийг манай групп компани бүрэн дэмжиж байгаа. Тиймээс жил бүр градусаа бууруулах чиглэл баримталж байна. Саяхан бид монголчуудын хамгийн их мэддэг экспортын "Arkhi" брэндийг 34 градусаар үйлдвэрлэж, тавдугаар сарын сүүлээс эхлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна.



 АПУ ХК нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

зураг
 

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл болж 1924 онд байгуулагдсан АПУ Хувьцаат компани нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж,  дэлхийд өрсөлдөх үндэсний компани болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтынхоо хүрээнд экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулсаар байгаа билээ.

АПУ ХК нь өдгөө 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ-д тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийж байгаа юм.

Мөн тус компани Монголын Хөрөнгийн Бирж(МХБ)-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 14,000 гаруй гадаад, дотоодын хувьцаа эзэмшигчтэй болжээ. 2021 онд тус компанийн үнэлгээ МХБ-д бүртгэлтэй компаниудаас хамгийн анхлан нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болсон юм. Түүнчлэн ногдол ашиг олголтоороо ч тэргүүлж буй. 

Өөр нэгэн онцлох үзүүлэлт нь Монгол Улсаас анх удаа "Ажиллахад таатай байгууллага" олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ 11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдэдээ эрүүл, аюулгүй, олон улсын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.