Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхмягмар: Өсвөр насандаа илүүдэл жин, таргалалттай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг нь таргалалттай насанд хүрэгч болдог

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр хот суурин газарт амьдардаг хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хэлэв.  Хүүхэд, өсвөр үеийнхний илүүдэл жингийн тоон мэдээллийг танилцуулбал, 

  • 5 хүртэлх насны хүүхэд 11 хувь
  • 5-9 насны хүүхэд 20 хувь 
  • Өсвөр насныхан (10-19 нас) 17 хувиар өссөн байна. 

Өсвөр насандаа илүүдэл жин, таргалалттай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг нь таргалалттай насанд хүрэгч болдог гэдгийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ) Эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар хэлсэн юм. 

Энэ талаар "Үндэсний хэмжээнд 5,000 орчим өсвөр үеийн хүүхдийг хамруулсан судалгааг 2012 онд хийсэн байдаг. Судалгааны дүнгээс харахад илүүдэл жин, таргалалт 12.1 хувьтай гарч байсан. Энэ тоон мэдээлэл 2019-2020 онд 18.1 хувь болж өссөн.

Тодруулбал, 6-11 насны хүүхдүүдийг илүүдэл жин, таргалалт 28.6 хувьд хүрсэн байгаа юм. Энэ насны хүүхдүүд илүү эрүүл бус хүнсний хэрэглээтэй байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд маань хэрэглээнийхээ мөнгөнд тохируулж өндөр илчлэгтэй, амин дэм эрдэс баялаг багатай, чихэр давс ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байна.

Ялангуяа, хот суурин газрын сургуулийн 150 метр орчимд маш олон хүнсний дэлгүүр, түргэн хоолны газар байгаа. Ихэнх нь эрүүл бус бүтээгдэхүүн худалдаалдаг. Бид сургуулийн орчинд худалдаалж буй 200 гаруй хүнсний бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийж үзсэн. Шинжилгээний дүнгээс харахад 100 граммд агуулагдах сахарын хэмжээ маш өндөр хувьтай гарсан. Тиймээс ч эрүүл хүнсийг хэрхэн үйлдвэрлэх чиглэлд хүнс үйлдвэрлэгчид анхаарах хэрэгтэй болж байна" гэж хэллээ.

Хүүхдэд чиглэсэн телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлын талаарх судалгааны үр дүнг танилцуулахдаа "Манай улсын судалгааны урьдчилсан мэдээллээр зурагтаар ихэнхдээ эрүүл бус хүнс сурталчилдаг. Тодруулбал, эрүүл бус хүнсний зар нь эрүүл хүнснээс гурван дахин их байна"гэлээ.

Хүн амын дунд 18:00-23:00 цаг нь телевиз үзэх оргил цаг байдаг. Телевизүүд 3-5 дахин илүү сурталчилгааг энэ цагаар гаргаж байна. Зар сурталчилгааны нөлөөнд хүүхдүүд илүү автамтгай. Хамгийн гол нь хүүхэд ирээдүйн хэрэглэгч болдог бөгөөд эцэг эхийнхээ худалдан авалтад шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр хэлсэн юм.

"Монгол хүүхдүүдийн 20 орчим хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх магадлалтай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ) Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа "Хүүхдүүд маань таргалалт үүсгэх эрсдэлтэй орчинд амьдарч байна. Энэ нь хүнсний орчинтой шууд холбоотой. Нөгөөтээгүүр Улаанбаатар хотын хүүхдүүдэд аюулгүй, чөлөөтэй хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдмал. Монгол хүүхдүүдийн (5 хүртэлх насны) 10 орчим хувь нь илүүдэл жинтэй байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд өсвөр насныхны таргалалт ч нэмэгдэж байгаа.

Хэрэв одоо л арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд Монгол хүүхдүүдийн 20 орчим хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх магадлалтай. Үүнд хүнсний хэрэглээ, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа маш их нөлөөтэй" гэв.