Диабетын эмийг долоо хоног тутамд хэрэглэснээр жингээ илүү хялбар хасах боломжтойг судлаачид олж тогтоожээ.
Таргалалтаас үүдэлтэйгээр Европ тивд жил бүр 1.2 сая хүн нас бардаг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримт байдаг.
Эмч мэргэжилтнүүд таргалалттай тэмцэхэд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг зөвлөдөг ч ийм аргаар турсан олон хүн сүүлд дахин жин нэмдэг байна.
Харин сүүлд явуулсан судалгааны үр дүнд диабетын нэг төрлийн эмийг хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнтэй хослуулахад үр дүн илүү сайн байдгийг тогтоожээ.
72 долоо хоногийн туршилтад оролцсон хүмүүс биеийн жингийнхээ 20 хүртэл хувийг алдсан байна.
Судлаачид илүүдэл жинтэй, таргалалттай 2,539 хүнийг санамсаргүй байдлаар дөрвөн бүлэгт хувааж туршжээ.
Нэг бүлэгт нь туршилтын хугацаанд ямар ч эм хэрэглээгүй байна. Бусад гурван бүлгийн хүмүүст долоо хоног бүр 5 мг, 10 мг, 15 мг тирзепатид эмийг тус тус хэрэглэжээ.
Туршилтад оролцсон бүх хүмүүст энэ хугацаанд илчлэг багатай хоол өгч, долоо хоногт хамгийн багадаа 150 минутын дасгал хийлгэж байсан байна.
Тэдний дундаж жин 104.8 кг, 94.5 хувь нь таргалалттай ангилалд багтаж байжээ. Бас ихэнх нь цагаан арьст эмэгтэйчүүд, бүгд чихрийн шижин өвчингүй байсан байна.
Туршилт дуусахад долоо хоног бүр 5 мг тирзепатид хэрэглэж байсан хүмүүс дунджаар 16.1 кг, 10 мг хэрэглэж байсан хүмүүс дунджаар 22.2 кг, 15 мг хэрэглэсэн хүмүүс дунджаар 23.6 кг жин тус тус хасжээ.
Харин тирзепатид огт хэрэглээгүй бүлгийн хүмүүс дунджаар 2.4 кг жин хассан байна.
Тирзепатид эмийг хамгийн их тунгаар хэрэглэж байсан хүмүүсийн 91 хувь нь нийт биеийн жингийнхээ 5-аас дээш хувийг алдсан бол огт хэрэглээгүй хүмүүсийн 35 хувь нь л ийм хэмжээгээр жингээ хасжээ.
Бас хамгийн өндөр тунгаар эм хэрэглэсэн хэсгийн 55 хувь нь жингийнхээ 20-оос дээш хувийг алдсан бол огт хэрэглээгүй хэсгийн ердөө 3 хувь нь ийм хэмжээгээр жингээ хассан байна.
“Бид таргалалттай тэмцэхдээ ямар нэг архаг өвчнийг эмчилж байгаа мэт хандах ёстой. Ингэхдээ өвчний үндсэн механизмд чиглэсэн аюулгүй эмчилгээний аргуудыг олж хэрэглэх хэрэгтэй. Туршилтын үр дүнгээс харвал тирзепатид эм ийм үүрэг гүйцэтгэдэг байж магадгүй байна” гэж судалгааг ахалсан Йелийн их сургуулийн эрдэмтэн Аниа Жастербоф саяхан Америкийн Диабетын Холбооны 82 дахь чуулганд үг хэлэхдээ онцолсон байна.
Судалгааны тайлан “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!