УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Гандантэгчэнлин хийд орчмыг Үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгох Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах ажлын даалгавар батлагдсан талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр "2022 оны төсвийн тухай хууль батлагдсан цагаас эхлэн араас нь хөөцөлдсөн Гандантэгчэнлин хийд орчмыг Үндэсний соёл, аялал жуулчлалын бүс болгох Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар Соёлын яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Захирагчийн ажлын албадаар боловсруулагдан, сайдууд, дэд сайдууд, холбогдох газрын дарга нараар батлагдан ирлээ. Ажлын даалгаврыг үндэслэн, гүйцэтгэгч шалгаруулах худалдан авах ажиллагааг Соёлын яам гардан гүйцэтгэнэ. ТЭЗҮ боловсруулагдаж дууссаны дараа дараагийн ажлуудыг шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Мөн Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг Инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсөв “УБ Дулаан сүлжээ” ТӨХК, Нийслэлийн онцгой байдлын газар, УБ Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иудаар зөвшилцлийн шатан дээрээ явж байна. Зураг төсөв эцэслэн батлагдсанаар Улсын төсвийн нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дүнгээр айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлыг хийнэ" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!