БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудыг шалгалаа.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 31 сургууль, 48 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Цэцэрлэгт хамрагдалт 82.2 хувь, сургуульд хамрагдалт 97.4 хувьтай байгаа юм. Өвөрхангай аймагт тусгай хэрэгцээт боловсролын 11 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг гурван бүлэгт 48 хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар 9 хүүхэд энгийн цэцэрлэг, сургуульд шилжин суралцахаар болж буйг эрхлэгч нь хэлж байсан юм.
Мөн аймаг дахь Политехникийн коллежоор орлоо.
Цаашид политехникийн коллежийн үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй уялдуулж ажиллахаар төлөвлөж буйг Төрийн нарийн бичгийн дарга онцолсон.
Хөрөнгө оруулалтын ажил болох Тэмүүлэл - Эрдэм цогцолборын спорт заал, 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгав. Тэмүүлэл - Эрдэм цогцолборын өргөтгөл өнгөрсөн онд ашиглалтад орсон, одоогоор 680 хүүхэд суралцдаг. Төрийн нарийн бичгийн дарга спорт заалын барилгын ажилд хүч нэмэгдүүлж, хурдан шуурхай хийх үүргийг ажил хариуцагчдад өглөө.
150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын хувьд цахилгааны шугам дайрч өнгөрсөн тул үүнийг холдуулж, ажлыг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагад даалгалаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!