ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тэлмүүн: НӨАТ бол албан татвар. Татварын үндсэн үүрэг нь төсвийн орлого бүрдүүлэх байдаг

A.Жаргал
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хоёр жил үргэлжилсэн цар тахлыг залгуулаад эхэлсэн ОХУ, Украины дайнтай холбоотойгоор Монголын бизнес эрхлэгчид улам хүнд байдалд ороод буй. Ялангуяа, энэ хүнд цаг үед НӨАТ дарамт болж байгааг жижиг бизнес эрхлэгчид ярьж байна. 

Энэ асуудалд ямар гарц боломж байгаа, НӨАТ-ын тухай хууль үндсэн агуулгаараа хэрэгжиж байна уу, гажуудал нь юундаа байгаа болон бизнесийн орчноо хэрхэн дэмжих бодит боломж байгаа талаар “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ээс ээлжит хэлэлцүүлгээ "НӨАТ ба Бизнес" сэдвээр зохион байгуулсан. Энэ үеэрх МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АмартүвшинСЭЗИС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал болон Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нарын байр суурийг хүргэсэн бол энэ удаа Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүний ярилцлагыг хүргэж байна. 

- НӨАТ улсын төсвийн татварын орлогын хэдэн хувийг бүрдүүлж байна вэ?

- НӨАТ ашигладаг 160 гаруй улс байдаг. Эдгээр улсуудын дэлхийн дундаж нь 20 орчим хувь хөгжлийн шатаасаа хамаараад харилцан адилгүй бүрдүүлдэг. Манай улсын хувьд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлогыг төсөвт төвлөрүүлдэг.  Энэ нь нийт орлогын 17 орчим хувийг бүрдүүлж байгаа.

Эрсдэлийг хамгаалдаг үндсэн татварын орлого маань НӨАТ байдаг. Эдийн засаг хүндэрсэн ч дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнэ унасан ч дотоодын хэрэгцээ харьцангуй тогтвортой байдаг. НӨАТ өөрөө Монгол Улсад бусад улс орнуудын нэгэн адилаар төсвийн орлогын хамгийн тогтвортой бааз болж чаддаг.

- Хэр өсөлттэй харагдаж байна вэ?

- НӨАТ бол цэвэр дотоодын эдийн засгаас хамааралтай. НӨАТ 2017 оноос буцаан олголтын урамшууллын системд шилжсэн. Энэ үеэс хойших хамгийн тогтвортой өсөлттэй татвар юм. НӨАТ авах ёстой манай нийт эдийн засгийн суурийнхаа хувьд ойролцоогоор 67 хувийг аваад явж байна. Хамрагдалтын түвшин жил бүр нэмэгдэж байна.

- Өнөөдрийн байдлаар нийт НӨАТ төлөгч хэчнээн ААН байна вэ?

- Ер нь талх идэж, сүү ууж байгаа бүх хүн НӨАТ төлж байгаа. НӨАТ суутган төлөгч болох босго гэж байдаг. Манай улсад 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж НӨАТ төлөгч байдаг. Гэхдээ татвар төлөгч өөрөө хүсвэл НӨАТ суутган төлөгч болох боломжтой.

- 10 хувийг таван хувь болговол ААН-д ирэх дарамт багасна гэж яриад байгаа. Бууруулах боломжтой юу?

- НӨАТ бол албан татвар. Татварын үндсэн үүрэг нь төсвийн орлого бүрдүүлэх байдаг. Орлого бүрдүүлэхдээ тэгш, шударга, амар хялбар байх ёстой. шударга хэрэгжүүлэхийн тулд бүртгэл сайжрах ёстой.

НӨАТ-ын хувь хэмжээг бууруулна гэхээр төсөв өөрөө энэ ачааллаа дааж чадах уу гэдэг нь асуудалтай. Бууруулбал төсвийн ачааллыг нэмэгдүүлэх, өр зээлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. тиймээс НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах нь зохисгүй. НӨАТ-ыг хэн төлдөг вэ гэхээр их хэрэглээтэй чинээлэг иргэд төлдөг.  Бага орлоготой иргэд харьцангуй бага төлдөг. НӨАТ-ын 2%-ийн хувийн буцаан олголтыг нийт иргэдийн 50 гаруй хувь нь улиралд 2,000 төгрөг л авдаг. Өндөр орлоготой иргэд зарим улиралд нэг сая төгрөгөөс илүү авах жишээтэй. Аль болох НӨАТ-ын татвараас зайлсхийх боломжийг л хаах ёстой гэдэг байр суурьтай байгаа.

- Ямар шинэчлэлт хийх вэ?

- Картаар төлбөр тооцоо хийж байгаа тохиолдолд картын эзний мэдээлэл нь ойлгомжтой. Баримт нь уншигдахгүй байвал хойноос нь бүртгэлжүүлж явдаг системүүдийг нэвтрүүлнэ. Гар утсаараа шууд төлбөр тооцоо хийгээд автоматаар баримт нь баталгааждаг системийг нэвтрүүлнэ. Илүү автоматжуулж, хялбар болгоно.

- НӨАТ-ын сугалааны асуудлыг яаж шийдэх гэж байгаа вэ?

- Сугалааг зогсоож байгаа хэлбэр биш. Хөгжлийн дараагийн шат дээр илүү сайжруулсан хувилбарыг зохион байгуулж явуулъя гээд одоо судалгааны ажлууд хийгдэж байна. ирэх оны төсөвтэй уялдуулаад сугалааны дараагийн хувилбарыг танилцуулна. Илүү найдвартай, хардлага багатай байдлаар явуулна.