ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ончинсүрэн: Цуглуулж авсан НӨАТ-аа буцааж төлж чадахгүй хэмжээнд бизнесийнхэн хүндэрсэн байна

Р.Оюун, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хоёр жил үргэлжилсэн цар тахлыг залгуулаад эхэлсэн ОХУ, Украины дайнтай холбоотойгоор Монголын бизнес эрхлэгчид улам хүнд байдалд ороод буй. Ялангуяа, энэ хүнд цаг үед НӨАТ дарамт болж байгааг жижиг бизнес эрхлэгчид ярьж байна. 

Энэ асуудалд ямар гарц боломж байгаа, НӨАТ-ын тухай хууль үндсэн агуулгаараа хэрэгжиж байна уу, гажуудал нь юундаа байгаа болон бизнесийн орчноо хэрхэн дэмжих бодит боломж байгаа талаар “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ээс ээлжит хэлэлцүүлгээ "НӨАТ ба Бизнес" сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт зочноор 

  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
  • СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал
  • Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн
  • Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал нарын байр суурийг өмнө хүргэсэн бол Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэнгийн онцлох эшлэлийг тоймлож байна. 



  • Бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих талаар 2019 оны татварын шинэчлэлээр нэлээд гаргаж тавьсан. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь хуулиар татвараа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гараад байна гэж харж байгаа. Тухайлбал, татварын хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, хуульд байхгүй өр төлбөрийг татварын албанаас гаргаж нэхэж байгаа ч юмуу. 
  • Татварын албаны зүгээс аль нэгэн байгууллага дээр танайх ийм өртэй, энэ өрийг төлнө үү гээд нэхэмжлэл үүсгэлээ л бол тэр компанийн өр болж харагдаад байгаа. Гэтэл анхнаасаа Татварын албанаас үүсгэсэн өр хуулиар нийцээгүй өр байж болно. Нэг талдаа и-такс руу шилжлээ гэдэг нь тодорхой хэмжээгээр шууд татварын албанд маш том эрх мэдлийг өгөөд, танайх өртэй шүү гэж мэдээлэх хэрэгсэл болчхоод байгаа. Гэтэл тэр нь татвар төлөгчийн өөрийнх нь татварын тайланд тусгагдаагүй, эсвэл татварын акт гараагүй ч юм уу маргаантай байгаа үед нь шууд өр нэхэмжлэх байдлаар татварын дарамтууд үүсэж байгаа
  • Татварын маргаан үүсэж байгаа нь бизнесийнхэн цагаа барж, мөнгө төгрөгөө зарцуулахад хүргэж байна. Хуулийн хэрэгжилт дээр иймэрхүү асуудал гарч байгаа. 
  • НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч л байгаа, иргэд. НӨАТ-ыг бизнесүүд нэг нь нөгөөдөө шилжүүлээд улсад тушаах байдлаар хувь хүмүүсээс авсан татвараа буцаагаад төсөвт тушаах агентын үүрэг л гүйцэтгэх ёстой. Гэтэл замын дунд жижиг сажиг өөрчлөлтүүд ороод тэр нь бизнесийг дэмжих үндсэн бодлоготойгоо нийцэхгүй, өм цөм өөрчлөлт болоод байдаг. Түүнээс болоод НӨАТ-ын хууль бизнесүүдэд томоохон дарамт болж эхэлж байгаа. 
  • Үйлчилгээний компаниуд, ялангуяа өндөр технологи, ноу хау Монголд нутагшуулж, оруулж ирдэг мэдлэгийн үйлчилгээний компани гадаадын мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулсныхаа төлөө төлж байгаа НӨАТ 20 хувь болоод байгаа. 
  • Цуглуулж авсан НӨАТ-аа буцааж төлж чадахгүй хэмжээнд бизнесийнхэн хүндэрсэн байна. Тэр нь мэдээж эдийн засгийн орчин муудаад байгаатай холбоотой. Энэ талаар тодорхой шийдэл, гаргалгаа боловсруулаад тодорхой хугацаагаар дэмжих бодлого хэрэгтэй байна. 
  • НӨАТ-ын тухай хуулийг их шударга хууль гэж ярьдаг. Худалдааны жижиг компани нэг сая төгрөгөөр бараа оруулж ирээд цааш нь 20% нэмээд 1.2 сая төгрөгөөр зарлаа гэж бодъё. Уг нь НӨАТ-ын тухай хуулиар бол тэр 20 хувь дээр л татвар төлөөд байгаа. Гэтэл өнөөдөр хуулийн хэрэгжилтийн арга аргачлал дээр юу болоод байна гэхээр, эхлээд бараа оруулж ирэхдээ нэг сая төгрөгөөсөө 10 хувийг төлчих, дараа нь борлуулалтаа хийгээд 1.2 сая төгрөг болгохдоо НӨАТ нэмэгдүүлээд харилцагчдаасаа цуглуулчих. Энэ хоёрынхоо зөрүүгээр 200 мянган төгрөгийнхөө 10 хувийг нь төсөвт төлчих гэсэн аргачлалаар  хэрэгжиж байгаа. Үүнийг өөрчлөөд анхнаасаа оруулж ирж байгаа сая төгрөгийн импорт дээр нь НӨАТ ногдуулахгүйгээр тооцооны аргачлалаар 200 мянган төгрөг дээр нь л НӨАТ-аа төлөөрэй гэдэг байдлаар хэрэгжүүлбэл энэ олон жижиг бизнесийн асуудал багасна. 
  • Манайд заавал импортоор бараа оруулж ирэхэд нь эхэлж улс татвар аваад дараа нь тооцооны журмаар хаахаар нэг талдаа бизнесүүдэд мөнгөн гүйлгээний хувьд дарамт болж байгаа. Нөгөө талдаа улсад түрүүлж орж ирж байгаа. Энэ хэрэгжүүлдэг аргачлалыг нь магадгүй өөрчлөхөд одоогийн үүсээд байгаа нөхцөлүүд шийдэгдэж болох юм.