ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Өнөржаргал: Хэт их хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого шударга байх нөхцөлийг алдагдуулаад байгаа

Р.Оюун, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хоёр жил үргэлжилсэн цар тахлыг залгуулаад эхэлсэн ОХУ, Украины дайнтай холбоотойгоор Монголын бизнес эрхлэгчид улам хүнд байдалд ороод буй. Ялангуяа, энэ хүнд цаг үед НӨАТ дарамт болж байгааг жижиг бизнес эрхлэгчид ярьж байна. 

Энэ асуудалд ямар гарц боломж байгаа, НӨАТ-ын тухай хууль үндсэн агуулгаараа хэрэгжиж байна уу, гажуудал нь юундаа байгаа болон бизнесийн орчноо хэрхэн дэмжих бодит боломж байгаа талаар “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ээс ээлжит хэлэлцүүлгээ "НӨАТ ба Бизнес" сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт зочноор 

  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
  • СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал
  • Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн
  • Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшиний байр суурийг өмнө нь хүргэсэн. Тэрбээр татварыг нийтээрээ, шударгаар, бүгд төлдөг болох нь зарчмын хувьд зөв хэмээн хэлсэн бол СЭЗИС-ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал татварын гажуудлын талаар илүү онцолсон юм. Түүний байр суурийг нэгтгэн хүргэж байна. 



  • Өнөөдрийн байдлаар дэлхийн 170 орчим орон НӨАТ-ыг хэрэгжүүлсэн байна. НӨАТ нь орлогын татварын дарамтыг бууруулах нөлөө авчирдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Манайд ч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ) хэдэн хувьтай байсан, Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ) хэдэн шатлалтай байсан гээд 1990-ээд оны үеийг аваад үзвэл 4-5 шатлалтай байсныг 1-2 болгон бууруулж, татвар ногдох хэмжээг 1.5 сая төгрөгийн орлоготой ААН 45%-ийн татвартай байсныг 6 тэрбумаас дээш төгрөгийн орлоготой болгон, татварыг 25% болгосон зэргээр татварын дарамтыг бууруулсан байдаг. 
  • НӨАТ-ыг манайх дэлхийд байхгүй гажуудсан байдлаар хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Бусад орны жишгийг судлаад, туршлагаас суралцаж нэвтрүүлсэн. 
  • Манайд яг хэрэгжүүлж байх явцад татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого тэгш бус байдлыг бий болгоод гажуудуулаад байгаа. Жишээ нь, дотоодын түүхий эдээр бэлтгэсэн тураг мах, дайвар бүтээгдэхүүнийг чөлөөлнө, дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүн, гурилыг чөлөөлнө л гэж байна. Энэ нь эргээд тухайн түүхий эдээр үйлдвэрлэл явуулдаг ААН-ийг хүнд байдалд оруулаад байдаг. 
  • Анх манай улс 1998 онд НӨАТ-ыг нэвтрүүлэхдээ Үндэсний үйлдвэрлэгчийг татварын дарамтаас яаж ангижруулах вэ гэдэг заалт зохицуулалтыг хийж өгсөн. НӨАТ-ын тухай хуулийн 14.1.4 гэдэг заалтаар тухайлбал махны үйлдвэр хөдөөгийн малчин айлаас шууд мах худалдаж аваад үйлдвэрлэж худалдсан мах махан бүтээгдэхүүнийхээ НӨАТ-аас хөдөөгийн малчин айлд НӨАТ төлөөгүй ч гэсэн дотор нь шингэсэн гэж үзээд хасуулдаг заалт бий. Арьс шир, ноос ноолуур, мах, өндөг, үр тариа гээд бүх бүтээгдэхүүнд байгаа. Гэвч хамгийн анх үр тариаг НӨАТ-аас чөлөөлүүлснээс хойш “Би ч үндэсний үйлдвэрлэгч” гээд өөрсдийгөө чөлөөлүүлэх гэсэн ийм байдал руу орчхоод байгаа. Энэ нь эцэстээ дэлгүүрүүдийг ч хүнд байдалд оруулж байна л даа. 
  • Ялгаатай байдал үүсгээд, нэг бизнес нь нөгөө бизнестээ дарамт учруулах ийм гажуудлуудыг бий болгоод байна. Жишээлбэл, экспортод гаргасан угаасан самнасан ноолуурыг НӨАТ-аас чөлөөлж байгаа нь эргээд үндэсний үйлдвэрлэлүүдээ бас хүнд байдалд аваачиж буй. Нэг нь нэмүү өртөг шингэсэн хамгийн эцсийн бүтээгдэхүүн хийх гээд хичээгээд байхад нөгөөх нь түүхийгээр нь экспортлоод татвараас чөлөөлүүлээд явж байдаг
  • Жижиг баахан хуулиудаар НӨАТ-аас тусгайлан чөлөөлүүлээд байна. Импортоор оруулж ирсэн гурил, ургамлын тос, элсэн чихрийг чөлөөллөө л гэнэ. Бид элсэн чихрийг нэг ч төгрөгийн хямдралгүй, харин ч тээвэр ложистик, валютын ханш гээд илүү нэмэгдсэн үнээр л авч байгаа
  • Хэт их хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого өөрөө шударга байх нөхцөлийг алдагдуулаад, бүгдээрээ тийм нөхцөл рүү тэмүүлэх байдал руу авчирч байгаа
  • Татвар төлдөг хэсэгтээ төлдөггүй хэсэг нь дарамт авчраад байна
  • Гааль, татварын албыг нэгтгээд, нэгдсэн нэг систем, нэгдсэн нэг удирдлагатай болгоход ер нь энэ байдал цэгцрэх нь үү гэж горьдож байтал хэсэг хугацааны дараа салгачихсан. Ер нь татварын мэдээллийн системүүд маань цахим хэлбэрт шилжээд, хянах, тооцох, бүртгэх асуудал нэлээд дэвшилттэй байгаа. Гэтэл гааль дээр мэдээллийг яаж бүрдүүлээд яаж байгаа нь тодорхой биш, хөгжил нь татварыг төдийлөн гүйцэхгүй байна уу гэж харж байгаа. Хүнээс хамаарсан субъектив нөлөөлөл ихтэй байх шиг.
  • Гааль дээр хяналт маш муу байна. Бараа бүтээгдэхүүний бар код юм уу, ангиллын системээр ч юм уу гааль дээр бүртгэлийг нарийвчилж сайжруулж чадвал хянах боломж бүрдэнэ. Гааль дээр бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүртгэж чадахгүй байгаагаас болоод дотоодод борлуулахдаа баримтаа бүрэн дүүрэн өгөхөд саадтай байна. Хасуулах НӨАТ байхгүй. Их хэмжээний татвар төлөх болохоор татвар л надад дарамттай байна гээд байдаг. Гэтэл гааль дээр тэр хүн татвараа төлчихсөн байгаа. Төлсөн татвараа хасуулах боломжийг нь хаачхаад байгаа хэрэг. 
  • Манай малчид ноос, сүүний урамшуулал авахдаа маш сайн бүртгүүлж байгаа. Тэгж бүртгэж болж байгаа юм чинь гарал үүслийг нь хөөгөөд үндэсний үйлдвэрлэгчээс НӨАТ шингэсэн үнээр авсан гэдэг аргачлалыг хэрэгжүүлээд явах юм бол цаашдын бэлэн бүтээгдэхүүнд гинжин хэлхээ нь тасрах байдал багасаад явна. 
  • НӨАТ-ыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ААНОАТ бизнесийг бодсон бодлогуудтай Хувь хүний орлогын албан татварын шинэчлэлийг дэмжих бодлогыг зэрэгцүүлж байж дорвитой цогцоороо шийдэгдэх байх. 
  • НӨАТ бол нутаг дэвсгэрийн зарчимтай татвар. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ хамаардаг тул оршин суугч бус этгээдээс энд үйлчилгээ авсан компани НӨАТ суутгаж авч үлдэж байж төлөх ёстой болчихдог. Гаднынхан бол мөнгөнөөсөө суутгуулахгүй. Тэр ачааллыг энд байгаа, үйлчилгээ авч байгаа компаниуд үүрээд байдаг. 
  • Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас санал болгож байгаа зөвлөмжөөр гаднаас ажил, үйлчилгээ авсан үед жишгээр борлуулалтад оногдуулж байгаа НӨАТ-аа хасуулах. Гэтэл манай хуулиар хасуулдаггүй. Хуулийн зөвлөх үйлчилгээ, зөвлөх, аудит гэх мэт мэдлэг түгээж байгаа бизнес дээр татварын илүү ачаалал болж байгаа гэсэн үг. 
  • Малчдыг бүртгэлжүүлэхэд, ХАА-н бүтээгдэхүүн дээр сумын татварын байцаагч нарын хийх ажил их. Хэн хэдэн тооны мал бүртгүүлснийг хянаад, мянган мал тоолуулсан айл 3,000 малын ашиг шим аваад, 2,000 нядлаад байвал өрхийн орлого биш бизнес гэж үзэж, үйл ажиллагааны татвар авах зэргээр бүртгээд явбал тодорхой шийдэл болох байх. 
  • Төсвийн оновчгүй зарцуулалт татвар төлөх ухамсарт сөрөг нөлөөлөөд байгаа.