Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мариуполийн Азовсталь үйлдвэрээс бүх хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг нүүлгэн шилжүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор одоо Оросын түрэмгийллээс Мариуполь хотыг хамгаалагчдын сүүлчийн түшиц газар болоод байгаа.

Энд Украины 2,000 орчим цэргээс гадна 1,000 орчим энгийн иргэн толгой хорогдож байгаа гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл үйлдвэрээс бүх хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг нүүлгэн шилжүүлж дууссаныг Украины тал өчигдөр мэдэгджээ.

“Ерөнхийлөгчийн захирамжийг биелүүллээ. Азовсталиас бүх хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг нүүлгэсэн. Мариуполийн хүмүүнлэгийн ажиллагааны энэ хэсэг дууслаа” гэж Украины засгийн газрын шадар сайд Ирина Верещчук фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Хэдийгээр үйлдвэрийн цогцолборт Украины цэргүүд орогнож, гадна талд Оросын цэргүүд бүсэлсэн байгаа ч ажиллагаа ямар нэг осол эндэгдэлгүй дууссаныг албаны бусад эх сурвалж баталжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Азовстальд гал зогсоож, эхний бүлэг иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг НҮБ, Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн тусламжтай зохион байгуулж байв.

Үүний дараа Оросын талаас довтолгоогоо үргэлжлүүлсэн юм.

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин стратегийн чухал ач холбогдолтой Мариуполь хотыг эзэлсэнд тооцож, Азовсталь үйлдвэрийг “ялаа ч гарах аргагүй” болтол нь түгжиж орхих тушаал өгч байв.

Гэвч үйлдвэрийн цогцолборыг эзлэн авах тулаан үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж: BBC