Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим баримталдаг"

ikon.mn
2022 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь зуны түлшний тендер шалгаруулахдаа “Сод Монгол” группийг хууль бусаар тендерт ялуулсан гэх мэдээлэл мэдээллийн зарим сайтад тавигдав. Уг мэдээлэлтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрээс тодруулга авлаа.

Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан, 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Дизель түлш /зуны/ нэртэй худалдан авах ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйл “Нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д зарлажээ. Худалдан авах ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 10 минутад нээхэд 3 оролцогч санал ирүүлснийг үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 тоот тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орон иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу 2022 оны 4  дүгээр сарын 29-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох, шалгараагүй оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг баталгаажуулж, хүргүүлсэн. Тендерт шалгараагүй оролцогч нарын мэдэгдэлд “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтын дагуу ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй болно” гэж заасны дагуу Монгол Улсын Сангийн Яамны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03/2996 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр гомдол гаргасныг мэдэгдсэн. Тус албан бичигт гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлэхийг дурдсаны дагуу үнэлгээний хороо тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг заасан хугацаанд хүргүүлэн ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ