Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Перу улсын ерөнхийлөгч магистрын ажил бичихдээ бусдын бүтээлээс хулгайлсан хэргээр шалгагдаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америк тивийн Перу улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын хамтарч бичсэн магистрын дипломын ажил оюуны хулгай байсныг тус улсын нэгэн телевизийн сэтгүүлчид илрүүлж, дуулиан тарьжээ.

Дуулианы мөрөөр Перу улсын прокурорын газар ерөнхийлөгчийнхөө буруутай үйлдлийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Панамерикана телевизийн Панорама хөтөлбөрийн сэтгүүлчид тус улсын ерөнхийлөгчийн хамгаалсан дипломын ажлын 121 хуудас материалыг олж аваад хуулбарласан эсэхийг шалгуулахаар мэргэжилтнүүдэд өгсөн ажээ.

Гэтэл материалын 54 хувь нь бусдын бүтээлээс хуулсныг илрүүлсэн байна. Үүнээс гадна дипломын ажлыг нь шалгаж баталгаажуулсан гурван хүний хоёр нь улсын бүртгэлд байдаггүй хүмүүс байжээ.

Перу улсын ерөнхийлөгч Педро Кастилло, түүний эхнэр Лилиа Паредес нар хоёул дунд сургуулийн багш мэргэжилтэй юм. Тэд арав гаруй жилийн өмнө боловсролын сэтгэл зүйн чиглэлээр Сезар Валлехо их сургуульд магистрын зэрэг хамгаалж байжээ.

Тус их сургуулийн захиргаа бас ерөнхийлөгчийн дипломын ажлыг шалгах ажлын хэсгийг байгуулсан байна.

Ерөнхийлөгч Кастилло уг дуулианыг өөрийнх нь засгийн газрыг унагах зорилготой улс төрийн ажиллагаа гэж нэрлээд оюуны өмч хулгайлснаа үгүйсгэжээ.

Перу улсын хуулиар бусдын оюуны өмчийг хулгайлсан хүнд найм хүртэл жилийн хорих ял оноодог.

Андын уулсын бэлд оршдог ядуу тосгоны сургуульд багшилж байсан Кастилло өнгөрсөн оны долдугаар сард популист амлалтуудынхаа ачаар сонгуульд ялж, Перу улсын ерөнхийлөгч болсон юм.

Өнгөрсөн арван сарын хугацаа түүний хувьд маш их донсолгоотой байсан ба дөрвөн удаа засгийн газрын танхимаа шинээр бүрдүүлж, хоёр удаа албан тушаалаасаа зайлуулагдах (импичмент) аюулаас мултраад байна.

 

Эх сурвалж: The Guardian