Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Уурхайчид илүү цагийн нэмэгдэл авч чадахгүйд хүрч, зарим байгууллагын ажилтнуудын цалин 40 хувиар буурчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо(МЭХГУУА)-ноос уурхайчдад илүү цагийн хөлс олгохгүй байгаагаас үүдэн бий болоод буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд уртын ээлжийн ажилтнуудыг 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор цалин хөлс тогтоох аргачлалыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос 2022 оны хоёрдугаар сарын 10-нд баталжээ. 

Үүний 6.3.1.5-д Уртын ээлжийн горим хэрэглэж буй аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байхаар тогтоосон боловч нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор заасан. Энэ заалтыг оруулахгүй гэж Үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа саналаа илэрхийлсэн боловч олонхын санал батлагдаж, уурхайчид илүү цагийн хөлс авч чадахгүйд хүрчээ. 

Ажилтнуудаас ирсэн саналын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хэд хэдэн удаа хандсан ч өнөөдрийг хүртэл Цалин хөлс тогтоох аргачлалыг өөрчлөөгүй юм байна. Иймд үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм байна. 

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос "Ажил олгогчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд та нар 14 хоног амрахдаа 14 хоног илүү цагаар ажилласнаа нөхөн амарч байгаа гэж тайлбарласан хэмээж байна. Дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-ын Тамгын газарт албан бичгээр бид хандсан. Учир нь ажилтнууд илүү цагийн хөлсөө авч чадахгүй байна, авъя гэхээр ажил олгогчид нөхөн амарч байгаа тул гээд өгдөггүй тухай, яагаад нөхөн амрах тухай гэдэг үг журамд орж ирсэн талаар тодруулахыг хүссэн юм" гэлээ.

Дээрх журмын улмаас ажилтнууд илүү цагийн нэмэгдлээ авахгүй байх, нэмэгдэл тооцуулах тохиолдолд үндсэн цалинг нь бууруулах гэх мэт зөрчил илэрч байгаа аж.

Д.Жавхлантөгс: Манай ажилтнуудын цалин 40 хувиар буурсан

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Уорли инженеринг" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Жавхлантөгс "Хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай компани ажилтнуудынхаа илүү цагийн хөлсийг өгөхгүй байх шийдвэр гаргасан. Бид ажил олгогчтойгоо уулзаж, шаардлага өгсөн. Энэ дагуу илүү цагийн болон баяр амралтын нэмэгдэл өгсөн. Манай компани 173 цагийг сарын фонд цаг болгон мөрдүүлдэг. Үүгээр шалтаглан үндэс цалинг 40 хувь бууруулж, сарын фонд цагийг 112 болгосон. Гэвч бодит байдал дээр илүү цагийг 173 цагаас нь бодож олгож байгаагаас болж манай ажилтнуудын цалин 40 хувиар буураад байна. 

Ажил олгогчтой тохиролцохоор хичээсэн. Гэсэн ч ажил хаяхад хүргэж байгаад харамсаж байна" гэлээ. 

Н.Баярмаа: Цалин хөлс тогтоох аргачлалаас үүдэн салбар даяар үл ойлголцол үүссэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюу толгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Баярмаа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уртын ээлжийг 14 хоног ажиллаж, 14 амардаг байхаар тусгасан. Энэ хуваарь дээр нийт ажилтан талархаж байгаа. Ажилтнууд гэр бүлдээ цаг зарцуулах, эрүүл мэндээ нөхөн сэргээх зэрэг олон давуу талтай хуваарь гэж үзэж байгаа.

Гэсэн хэдий ч хууль дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах энэхүү хуваарийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тайлбарлахдаа цалин тогтоох аргачлалдаа 168 цаг гэх мэтчилэн тодорхойгүй зохицуулалтыг оруулж ирснээр ажилтан, ажил олгогчийн хооронд ихээхэн үл ойлголцол бий болгож байна. Салбар даяар үл ойлголцол үүссэн.

Хууль батлагдаад найман сар болж байхад холбогдох яамнаас нарийвчилсан зохицуулалт боловсруулсан бол ийм байдал үүсэхгүй байлаа.

"Оюу толгой" компани хэлэлцээр хийсэн. Гэвч илүү цагийн нэмэгдэл хөлс дээр хоёр тал ойлголцож чадаагүй тул хуулийг тайлбарлах эрх бүхий субъект буюу Дээд шүүхийн тайлбар гартал энэ асуудлыг түр түдгэлзсэн.

Яамны зүгээс илүү цагтаа нөхөн амарч байна гэж хуулийн тайлбарласаар байна. Яам нь хууль тайлбарлах субъект биш байтал ажилтан, ажил олгогчийн хооронд маргааныг даамжруулахаа болино уу. Мөн журмаа нарийвчлахыг хүсэж байгаа юм. Удаа дараа саналаа өгч байгаа ч хүлээж аваагүй" гэлээ.