Төсвийн тодотгол болон түүнийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороодоор хэлэлцэж байна.
Цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ компани болон Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах компаниудын жагсаалтад оруулжээ.
Энэ талаар Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал асуулт асуув. Тэрбээр “Мэдээлэл холбооны сүлжээ компани нь манай улсын нийт сүлжээний бараг 42 хувийг хариуцдаг. Боловсрол, эрүүл мэнд, кибер аюулгүй байдал зэрэг асуудал энэ компанитай холбоотой байдаг. Гэтэл энэ компанийн хувьцааг олон нийтэд арилжаалаад эхэлбэл онц чухал мэдээллийн сүлжээ хариуцаж байгаа байгууллагыг зохимжтой шийдвэр биш гэж үзэж байна. Засгийн газар дээр энэ асуудлыг тогтохдоо холбогдох байгууллагаас саналаа оруулсан гэж ойлгож байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогддог сүлжээний ганц компаниа хувьчлах нь зөв үү, буруу юу" гэж холбогдох албаныхнаас тодруулав.
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн захирал н.Золбаяр: Цаг хугацааны хувьд манай компани өнөөдөр хувьчлагдах болоогүй гэж үзэж байгаа. Стратегийн ач холбогдолтой кибер аюулгүй байдлын хангаж ажиллаж байгаагийн хувьд төрийн мэдэлд байж үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй.Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал: Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд энэ асуудлыг тусгахдаа холбогдох яам нь байр сууриа нэгтгээгүй хэрэг үү.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: Энэ удаагийн төсвийн тодотголыг дагалдуулан төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг гурван чиглэлээр оруулж ирсэн. Ингэхдээ 37 компанийг 34 хувь хүртэл нь Хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргаж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулалт хийж байгаа.
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн тухайд Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам зэрэг байгууллагууд үр ашгийн тооцоо хийсэн. Ингэснээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлснээр компанийн засаглал сайжирч, үр ашиг нь нэмэгдэнэ гэж тооцоолсон. Түүнээс биш IPO гаргаснаар хяналт нь хувьд шилжихгүй, зөвхөн олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!