Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудад “улс төрийн зааварлагч” ажиллуулахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газар төрийн яам, агентлагууд, төрийн өмчит компаниудад “улс төрийн зааварлагч”-ын орон тоо бий болгох зөвлөмж гаргасан тухай Коммерсанть сонинд мэдээлжээ.

Уг мэдээнд өгүүлснээр “улс төрийн зааварлагч” нь Кремлийн улс төрийн бодлогыг ажилтан, албан хаагчдад таниулах, тэдний үзэл бодлыг хянах үүрэгтэй байх гэнэ.

Шинэ орон тооны асуудал өнгөрсөн оны парламентын сонгуулийн үеэр анх сөхөгдөж байсныг Коммерсанть мэдээлжээ. Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгчийн алба Кремлийн улс төрийн бодлогод итгэх олон нийтийн итгэл сул байгааг олж тогтоосон гэнэ.

Шинэ орон тооны асуудал Украинд дайн эхэлснээс хойш илүү нухацтай яригдах болжээ.

Дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Москвагийн ойролцоо болсон хаалттай семинарын үеэр Путиний ойрын хүмүүс “улс төрийн зааварлагч” ажиллуулах зөвлөмжийг танилцуулсан тухай уг арга хэмжээнд оролцсон гэрчүүд ярьсан байна. Уг арга хэмжээнд ОХУ-ын орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа Путин чөлөөт хэвлэл мэдээллийн хяналтыг чангатгаж, “хуурамч” мэдээлэл тараахыг хориглох ажлыг эхлүүлсэн билээ.

Уг ажлын хүрээнд ОХУ-ын Украинд явуулж буй дайнд шүүмжлэлтэй хандсан бүгдийг баривчлах, шийтгэх хатуу хуультай болсон юм.

 

Эх сурвалж: Коммерсанть