Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Өөрийг чинь ямар ч хэцүү зүйл бүсэлсэн үхэхийн тулд биш, амьсгалахын төлөө тэмцээрэй"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

... Би социализмын үед хөгжимчин, клубийн эрхлэгч, номын санч байлаа. Тэр үед би их нэр хүндтэй, ажил маань ч их сайн явж байсан. Тэр өндөр үнэлгээтэй явж байсан хүн ажлаасаа халагдангуут сэтгэл санааны тавгүй байдал, хүнд цочролд орж байгаа юм. Энэ нийгэмд хүнийг хайрлах хайр байхгүй. Хүнийг үнэлэх үнэлэмж гэж байхгүй. Сэтгэлээрээ үхмэл байдалд орчихсон хүн чинь юм хайгаад явдаг юм байна лээ. Тэгээд л архи уудаг... Нэгэнт архичин гэдэг нэр авчихсан бол дуусаа. Сэтгэлийг минь ганц тайтгаруулдаг хүн ээж минь л байсан юм билээ. Ээжийгээ нас барснаас хойш бүр их ганцаардалд орсон. Улсууд архи уучхаад дотроо байгаа аймар юмнуудаа гаргах гэж өрсөлдөж яриад, сүүлдээ хэрэлдэж, зодооноор дуусдаг. Эцэстээ би нэг л замгүй болчихсон юм шиг санагдаад. Нэг мэдсэн чинь шийдвэр гаргаад "Ерөөсөө үхье, яадаг юм" гэх бодол төрсөн. Өөрийгөө бэлдчихсэн байтал "Та яасан муухай, амиа хичээсэн хүн бэ! Та хүүгээ яах гэж байгаа юм бэ?" гэх бодол орж ирээд, эргэн тойрон харанхуйлаад л явчихсан. Тэгээд алхсаар байгаад Офицеруудын ордон дээр ирсэн...

Энэ бол амиа егүүтгэх үзэгдлийг хөндөж хийсэн "Хүрд" баримтат кинонд гарах дүрүүдийн төлөөлөл болсон хүний бодит яриа. 

Дэлхийн баримтат кино наадам болох IDFA-аас шилдэг кино шагнал хүртсэн "Хүрд" кино өчигдөр(дөрөвдүгээр сарын 13-нд) Монголд нээлтээ хийлээ. 

Хүрдэн хэлхээт энэ хорвоод цаг л эргэж ирдэггүй аж

Эрэгтэй, эмэгтэй, залуу, настай, хүүхэд… гээд хүмүүс амиа хорлох шийдэлд юуны улмаас хүрдэг болох, гэр бүл, найз нөхөд, нийгэм нь уг үйлдлийг хэрхэн тайлбарладаг вэ, бие сэтгэлийн туулж дуусашгүй ямар шаналалд ордгийг энэхүү баримтат кино харуулдаг. 

"Хүрд" баримтат кино дөрөвдүгээр сарын 14-нөөс Prime Cineplex Mongolia, Tengis Cinema кино театруудаар үзэгчдэд хүрэх юм.
зураг
 

Зохиолч, найруулагч Л.Номин "Монгол Улсад сүүлийн 30 жилд амиа егүүтгэх үзэгдэл ихэссээр байгаа. Анх энэ асуудлыг судалж эхэлж байхад 2-3 судалгаа л байсан. 2018 оны судалгаанаас харвал Монгол Улсад өдөрт дунджаар нэг хүн амиа егүүтгэж байна гэж гарсан байсан. Мэдээ болж, энд тэнд сонсогдоод өнгөрөөхөөс гадна юунаас болж гарч байгаа шалтгаан, нийгмийн хүчин зүйл болон бусад нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, баримтат кино хийхээр болсон. Бид киногоо маш удаан хугацаанд тогтож хийсэн. Дүрээ олоход хэцүү ч гэж хэлж чадахгүй, амархан ч гэж хэлж чадахгүй байна. Энэ асуудал ямар ч айлд тохиолдсон ярихыг хүсдэггүй, хувь хүн өөрөө ч оролдлого хийж байсан тухайгаа ярихыг хүсдэггүй гээд энэ нь өөрөө яригддаггүй сэдвүүдийн нэг.

Тэр утгаараа түүхээсээ хуваалцъя, бусдад анхааруулмаар байна гээд иргэний зориг гаргасан баатарлаг хүмүүсийн дүрүүдээр бүтсэн кино. "Хүрд" кино баримтат киноны дэлхийн хамгийн том фестиваль болох IDFA -ийн уралдаант хэсэгт сонгогдож, 2020 оны арваннэгдүгээр сарын 21-нд дэлхийн нээлтээ Амстердам хотын Tuschinski театрт хийсэн. Бусад улсад бас нээлтээ хийж байгаа. Монголын нээлт бол хамгийн чухал. Цар тахлын улмаас тавьсан хатуу хөл хорионы улмаас удаан хугацааны дараа нээлтээ хийж байна. Монголчууд энэ асуудлыг ярих болсон. Энэ асуудлыг ярилцаад ямар нэгэн байдлаар асуудлыг шийдэх механизмыг гаргах ёстой. Бие биедээ хүйтэн хандаад амьдраад байж болохгүй. Ийнхүү өнөөдөр Монголдоо нээлтээ хийж байгаад сэтгэл өндөр байна. Энэхүү баримтат кино нь 54 минутын дунд хэмжээний кино" гэв.

зураг
 

Хөгжимчин Д.Шинэцог-Гени "Миний хувьд "Хүрд" кинонд хөгжмийн найруулга, хөгжмийн зохиолчоор ажилласан. Тус баримтат кино нь Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг хөндсөнөөрөө онцлог кино түүнд нь тохирохуйц хөгжмийг найруулсан. Ингэхдээ шууд дүрс бичлэг харж байгаад чөлөөт сэтгэмжээрээ тоглосон онцлогтой. Голлох хөгжим нь хөөмий, хархираа, морин хуур байсан. Хөөмий бол бидний биет өв соёл бөгөөд бид энэ өв соёлоо харуулж, ашиглаж байж дэлхийн хөгжмийн урсгалаас ялгарч чадна. Түүнээс биш Холливүүдийн хөгжмийг тавьчихвал ялгарч чадахгүй" гэлээ. 

Зүүний үзүүр дээр тогтсон ширхэг будаатай зүйрлэдэг хүний алтан амийг олчхоод энэ аминаасаа татгалзах үзэгдэлтэй нүүр тулсан хүмүүсийн зүрхний угаас хэлэх үгсийг тунгаан сонсохдоо нэг л наран дор орших бид бүгд амьдрал, үхэл, үнэн, худлын хүрдэн хэлхээгээр холбогддогийг санаарай хэмээн кино багийнхан онцолсон билээ. 

Өөрийг чинь ямар ч хүнд хэцүү зүйл бүсэлсэн үхэхийн тулд биш, амьсгалтай байхын төлөө тэмцээрэй... 

зураг
 
зураг