Оросын цэргүүд Киевт парадын дүрэмт хувцастай ирснийг Украины албаны эх сурвалж баталжээ
Өчигдөр буюу Пүрэв гарагт Украины зэвсэгт хүчний хуурай замын цэргийн төв штабын дэд командлагч Олександр Грузевич сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Оросын цэргүүд Киевийг эзлэхээр ирэхдээ парадын дүрэмт хувцсаа авчирсан байсныг ярьжээ.
Оросын тал Украины нийслэл Киев хотыг эзлэх байлдааны ажиллагааг сар орчим хугацаанд явуулсны дараа саяхан цэргийн хүчээ татаж дууссан юм.
Орос цэргүүдийн Киевийн ойролцоо орхиж явсан автомашинуудаас парадын дүрэмт хувцаснууд олдсон тухай Грузевич мэдээлжээ.
“Бид бас тэндээс парадын дүрэмт хувцаснууд оллоо. Тэд Киевийг хоёр өдрийн дотор эзэлж, ялалтын парадад жагсах төлөвлөгөөтэй байжээ. Бид тэдний төлөвлөгөөг бүрэн таслан зогсоож чадсаныг олдсон зүйлс баталж байна” гэж тэр ярьсан байна.
ОХУ-ын эрх баригчид Киевийг бараг эсэргүүцэлгүй эзэлж авна, Украины ард иргэд цэргүүдийг нь цэцэг барин угтана гэсэн төсөөлөлтэй байсан ч санаанд оромгүй ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан гэж АНУ, Их Британийн тагнуулын албад дүгнэж байсан юм.
Гэхдээ Киев хотод Оросын талаас агаарын цохилт өгөх, дахин довтлох магадлал өндөр, “хорлон сүйтгэх бүлэглэл”-үүдийг ардаа үлдээсэн тул аюул арилах болоогүйг Грузевич хэвлэлийн хурлын үеэр анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
