Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

А.Баясгалан: Дэлхийд цор ганц цөлд амьдардаг баавгай бол мазаалай

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Мазаалайн судалгааны баг

Мазаалай хамгааллын үндэсний зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 14-нд болох юм. Энэ хүрээнд Мазаалайн судалгааны багийн судлаач А.Баясгалангаас тодрууллаа.

-Улаан номд бүртгэгдсэн энэ амьтны тоо толгой одоогоор хэд хүрсэн бэ? 

-Мазаалай баавгайн талаарх хамгийн анхны өгүүллийг 1967 онд Шинжлэх ухааны академийн академич А.Болд бичсэн байдаг. Тус өгүүлэлд дурдсанаар 17-20 орчим мазаалай байгаа талаар тооцоолол гаргасан. Үүнээс хойш эрдэмтэн, судлаачид жил бүр тоо толгойн судалгаа хийсэн бөгөөд энэ тоо 20-30  дотор хэлбэлздэг байсан. 

Сүүлийн үед мазаалайн тоо толгойг тогтоохдоо илүү дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тодруулбал, үсний дээж, ДНХ-ийн шинжилгээгээр бодгалийг ялгаж тоолох судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийлгэж байсан.  Энэ судалгаагаар 50 толгой мазаалайн бодгалийг тодорхойлсон юм. 

Бөөмийн ДНХ-ийн микросателлитийн 13 локусаар Пакистан болон Монгол орны Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгийн хүрэн баавгайн үсний 86 дээжийн  микросателлитийн генотипийг тус тус тодорхойлсон. Энэ үр дүнгээ мазаалай баавгайн тодорхойлогдсон генотипүүдтэй харьцуулан мазаалай баавгайн бөөмийн ДНХ-гийн ангилал зүйн судалгааг хийсэн байдаг.

Судалгааны ажлын үр дүнгээс үзэхэд Мазаалай болон Пакистан дахь Гималайн хүрэн баавгайн популяцууд нь магадгүй 600 мянган жилийн өмнө бусад хүрэн баавгайнуудаас салсан энэ амьтны хамгийн эртний үлдэгдэл популяц болохыг баталжээ. 

  • Мазаалай баавгай нь түүхэн ач холбогдол бүхий нэгжийн нэг чухал шалгуурыг хангасан нь тусдаа дэд зүйл болохыг харуулж байна.  
  • Монгол орны ойн хүрэн баавгай нь мазаалай баавгайгаас тусдаа дэд зүйлийн хэмжээнд буюу манай оронд хоёр дэд зүйл баавгай байна.

-Мазаалай баавгай нь нэг удаад хэчнээн үр төл гаргадаг юм бол, онцлог шинжийг тодруулбал?

-Дэлхий дээр найман зүйл баавгай байдаг. Мазаалай нь морфологи шинжээрээ хүрэн баавгайтай төстэй. Хүрэн баавгай 2-3 жилд нэг удаа төллөдөг бөгөөд 2-3 хүртэлх тоогоор ихэр зулзага гаргах нь бий. 

Мазаалайн бамбарууш хоёр нас хүртлээ эхийгээ дагаж явдаг. Ингээд гурван настайгаасаа эхээсээ салж, бие даан амьдрах, эзэмшил нутгаа олох үйл явц эхэлнэ. Хамгийн холдоо 250 километр явдаг байна. Амьдрах орчин нь дунджаар 5,000 километр квадрат байдаг.

-Сүүлийн үед хийсэн судалгааны ажил бий юу. Үр дүнг нь танилцуулбал?

-Өмнө нь зөвхөн Атас, Шар хулсны нуруу, Цагаанбогдын нуруунд тусдаа тусгаарлагдсан популяцууд байна гэж үздэг байсан. Улмаар сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр мазаалайнууд энэ гурван нурууг дамжиж, гурвуулангаар нь тархан амьдардаг гэдгийг тогтоосон.

-Одоогоор хэчнээн мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн бэ?

-Бид мазаалайн судалгааны ажлыг 2005 оноос хойш эхлүүлсэн. Нэгдүгээрт, автомат камерууд тавьж, тархац нутгийг нь тогтоох ажлыг хийж эхэлсэн. Хамгийн гол ажил нь сансрын дохиололтой хүзүүвч зүүлгэж эхэлсэн байгаа.

2005-2019 он хүртэл нийт 26 бодгаль мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн. Өөрөөр хэлбэл, жилдээ 1-2 баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж байна гэсэн үг.