ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Түргэний эмч нартаа баярлалаа"

Э.Орхонсүрэн
2013 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
103-аас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ

Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байдаг Яаралтай тусламжийн төв буюу та бидний хэлж заншсанаар 103-аас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Халуун хүйтэн, цас бороо, баяр ёслолыг үл хайхран үүрэгт ажлаа хийж яваа түргэн тусламжийн эмч нарын оройн ээлж их ачаалалтай байдаг хэмээн тус төвийн дэд дарга С.Ариунболд хэлж байсан.

Биднийг 17.00 цагт очиход яаралтай тусламж хүссэн иргэдийн дуудлага их ирж байдаа. Нийслэлийн яаралтай тусламжийн төв харъяаныхаа зургаан дүүргийн иргэдэд үйлчилдэг байна.

Баруун тийшээ Эмээлт, зүүн чиглэлд Хонхор хүртэл явж яаралтай тусламжийг иргэдэд үзүүлдэг. Хүйтний эрч чангарч, шинэ жил эхэлж байгаатай холбоотой дуудлага хэр байгааг ээлжийн ахлагч Г.Наранжаргалаас тодрууллаа.

Тус төвд хоногт 800-1000 дуудлага ирдэг гэнэ. Эдгээр дуудлагын 20-30 хувь нь үнэхээр түргэн тусламж хүссэн дуудлага байдаг байна. Харин үлдсэн дуудлагууд нь энгийн дуудлага байдаг талаар ээлжийн ахлагч ярьж байлаа.

Хан-Уул дүүрэгт ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлага ирснээр бид Нийслэлийн яаралтай тусламжийн их эмч Б.Эрхэмболдын хамт явлаа. Тэрээр ”Ажлын ачаалал их байдаг.

Гэхдээ ачааллыг үл тоон иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллах нь бидний үүрэг. Хуурамч дуудлага шөнийн цагаар их ирнэ. Ихэвчлэн яаралтай гэдэг ч үнэндээ энгийн дуудлага байдаг” гэв. Бид эхний дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 42 дугаар байрны гадаа очиход тус дүүргийн нэгдүгээр хэлтсийн хоёр цагдаа ирчихсэн байв. Учир нь тухайн иргэн гэртээ агсам тавьснаас гэрийнхэн нь цагдаад дуудлага өгчээ. Эмчийг үзлэг хийхээр ороход 50 гаруй насны О нь 4-5 хоног архи ууж, хордлогын байдалтай байв. Тэрээр чихрийн өвчтэй учир архи нь гарах үед таталт өгдөг аж. Эмч түүний хүүхэн хараа болон даралтыг нь үзэж хэвийн байгааг гэрийнхэнд нь хэлээд дараагийн дуудлага руугаа яарлаа.

Зам зуур эмчтэйгээ ярилцаж амжив. Сүүлийн үеийн жолооч нар харьцангуй соёлтой болсон. Зай бага байсан ч боломжоороо зам чөлөөлж өгөхийг хичээж байгаад нь их баярладаг. Гэхдээ яаралтай дуудлагад явж байхад зарим жолооч бүдүүлэг загнах нь бий.

“Хэд хоногийн өмнө бидний урдуур нэг микро гэнэт шахаж орж ирэхээр нь “аятайхан яваач” гэж хэлсний төлөө бүдүүлэг ааш гаргасан.

Бидэнд бүх дуудлага үнэтэй байдаг. Тиймээс аль болох түргэн шуурхай үйлчлэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ бол дэндүү хувиа хичээсэн үйлдэл” хэмээн тэрээр ярьсан. 

Яаралтай дуудлагын хурдны дэлхийн стандартыг найман минут байх ёстой гэж үздэг. Гэтэл манайд түргэний машины хурд 20 минут байна. Хэрэв гэнэтийн яаралтай дуудлага гарвал энгийн гэсэн дуудлагаа орхих ч үе байдаг байна. Яаралтай дуудлагын үед эмч очих замдаа тухайн байдалд дүгнэлт хийж сэтгэл зүйгээ бэлддэг ажээ. “Хэрэв эмч өөрөө сандарч гүйгээд тусламжаа үзүүлж чадахгүй байвал хэцүү.

Тиймээс сэтгэл зүйгээ бэлдэх нь бидний ажлын онцлог” хэмээн Б.Эрхэмболд эмч ярьсан юм. Ингээд дараагийн дуудлага руугаа явах гэсэн боловч дуудлагаа буцаасан байлаа. Учир нь ухаангүй, таталт өгөөд байна гэсэн хүний биеийн байдал нь сайжирсан тул гэрийнхэн нь эмнэлэг явахаар болж дуудлагаа буцаажээ.

Тиймээс дараагийн дуудлага болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Royal" таун хаусын 65 дугаар байранд 75 настай эмэгтэйн даралт ихэсч, халуураад байна гэсэн дуудлагын дагуу явлаа. Цусны даралт ихсэх өвчний дуудлага нэлээд ирдэг нь ажиглагдлаа.

Бидний бодлыг таасан юм шиг эмч “Сүүлийн үед энэ өвчин залуужих хандлагатай байгаа” талаар хэлэв. Яаралтай тусламжийн дуудлагад явдаг эмчийн хувьд тухайн хүнийг үзэж анхны тусламж үзүүлж, шаардлагатай тохиолдолд харъяа дүүргийн эмнэлэгт нь хүргэж өгөх үүрэгтэй байдаг байна.

Жирэмсэн эмэгтэйн ус нь гарчихлаа гэсэн дуудлагад очихдоо тухайн хүнээ үнэлдэг. Өвдөлт нь ойртсон, базлалт өгч эмнэлэгт хүргэж амжихгүй тохиолдолд гэрт нь төрүүлдэг байна. Харин өдрийн ачааллаас болж хүний даралт 17.00 цагаас хойш ихэсдэг байна. Тиймээс даралт ихэсдэг хүмүүс үүнээс урьдчилан сэргийлж 15.00-17.00 цагт даралтны эмээ тогтмол уух хэрэгтэй гэдгийг ч зөвлөж байлаа.

Мал эмнэлгийн хүрээлэнд 70 настай эрэгтэй ухаангүй байна гэсэн дуудлагын дагуу тус төв рүү яаравчиллаа. Төв хаалгыг нь хайж будилсны эцэст олов. Дотогш орж үүдний харуулд учраа хэлтэл мэдэхгүй гэв. Тэгтэл хоёр давхраас нэг залуу гүйж ирээд энд байна гэсээр зам заасан юм.

Хонгилд 70 гаруй насны өвөө архи хэтрүүлснээс савж унан толгой нь хагарч, бага зэрэг цус алдсан байдалтай байв. Эмч үзэж юу болсон талаар хамт байсан хүмүүсээс нь асууж даралтыг нь үзлээ. Тухайн хүний хувьд нэлээд согтуу байв. Хамт байсан хүмүүс нь ч нэлээд халамцуу өндөр дуугаар харьцсан юм. Тэр бүү хэл өвчтөнийг гэрт нь хүргэж өг хэмээн эмчийг дарамталж байв.

Харин Б.Эрхэмболд эмчийн хувьд ажил үүргээ товч танилцуулаад толгойд нь зургаан оёдол тавьсан. Оёдол тавьж дууссаны дараа хамт байсан хүмүүст нь “Хэсэг амраасны дараа гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй. Эсвэл ар гэрээс нь хүн дуудаж эмнэлэгт үзүүлж толгойдоо хэр доргилт авсныг нь харуулах хэрэгтэй” гэж зөвлөснөөр дараагийн дуудлагадаа яаран гарлаа.

“Түргэний жолооч машинаа сайн мэддэг байх ёстой. Бүх тоног төхөөрөмжөө ажиллуулж, сувилагч байхгүй тохиолдолд сувилагчийн үүрэг гүйцэтгэнэ. Өвлийн улиралд гэр хорооллоос айл олох хэцүү. Тэр дундаа уулан дээр байгаа айлыг хайж олох нэлээд хүндрэлтэй.

Уулын өөд машин гарахгүй, хий эргэж хугацаа алдах тохиолдол ч гарна. Харин сүүлийн үед олны сайн мэддэг дэлгүүр, гудамж, автобусны буудал дээр болзож уулзах нь цаг алдахгүй үр дүнтэй арга болж байгаа” хэмээн түргэний жолооч ярьсан юм. Ийнхүү ярилцах зуур бид дараагийн түргэн тусламж үзүүлэх газраа ирсэн юм. ХААИС-иин Эдийн засгийн сургуулийн багш, 74 настай эмэгтэйн цусны даралт 190 хүрч, бие нь хямарснаас дуудлага өгчээ.

Ажлын ачааллаас болж цусны даралт ихсэх, цус харвах тохиолдол их гардаг байна. Эмчийг очих үед тусламж хүссэн эмэгтэй өөртөө анхны тусламж үзүүлсэн хэмээн тайлбарлав. Тэрээр спирттэй хөвөнгөөр толгойн хэсэгтээ жин тавьж, массаж хийснээр даралт нь буурчээ.

Эмч түүнийг тайвшруулахаар хэсэг хугацаанд ярилцаж, ийм үед сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг зөвлөлөө. Биднийг гарахад дараагийн дуудлага ирснээр эмч яаран явлаа.

Яаралтай тусламжийнхантай дөрвөн цаг явахад тухтай ярилцах цаг зав хомс юм билээ. Мөн яарч сандарсан үед нь түргэн шуурхай тусламж үзүүлж байгаа эмчид баярлалаа гэх үгийг. хэлэхийн оронд захирч, зандарч дээрэлхэх нь ч олон байсныг нуух юун.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг