Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ротари клуб үүсэн байгуулагдсаны 117 жилийн ой тохиож байна

ikon.mn
2022 оны 3 сарын 2
Сурталчилгаа
 
ОУ-ын Ротарийн 3450 дүүргийн 9-р Бүсийн захирагч Н.Мягмаржаргал  

Ротари гэж юу вэ?

Ротариг анх 1905 оны 2 сарын 23-ны өдөр АНУ-ын Чикаго хотод Пол Харрис гэгч өөрийн гурван найзын хамт санаачлан байгуулжээ. Санаачлагчид улмаар өөрсдийн үүсгэсэн байгууллагаа хамтын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож чадсан төдийгүй, мэргэжлийн  үйлчилгээг оршин буй жижиг хот тосгоны ард иргэдэд үзүүлж эхэлсэн байна. Үүгээрээ Олон Улсын Ротари нь үйлчилгээгээ иргэний нийгэмд хүргэдэг дэлхийн анхны байгууллага болж чадсан юм.

Ротарийн цар хүрээ, алсын хараа нь хүмүүнлэгийн үйлчилгээнд чиглэн аажмаар өргөжин тэлж, гишүүд орон нутагтаа болон дэлхийн өнцөг булан бүрд тулгарч буй сорилтуудыг даван туулж ирсэн туршлагатай.

Бид юу хийдэг вэ?

Ротарийн гишүүд дэлхийн хамгийн тууштай асуудлууд дээр хамтран ажиллах үүрэгтэй гэдэгтээ итгэл төгс байдаг. Нийт 46,000 + клубүүд дараах 7 зорилгоор үйл ажиллагаагаа хамтран явуулж байна:

  • Энх тайвныг бэхжүүлж аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх
  • Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх  
  • Ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй
  • Эх хүүхдийн эрүүл мэнд
  • Суурь боловсрол, бичиг үсэг
  • Эдийн засгийг хөгжүүлэх
  • Байгаль эх дэлхийгээ хамгаалах
 

Бидний эрхэм зорилго

Бид шударга байдлыг дэмжиж, олон улсын ойлголтуудыг ахиулах, сайн санааны төлөө Энх тайвныг бэхжүүлж бизнес, мэргэжлийн болон нийгмийн цар хүрээг нөхөрлөлөөр дамжуулж үйлчилнэ гэсэн эрхэм зорилготой.

Бидний Алсын хараа

Бид хамтдаа дэлхий даяар, нийгэмд болон өөрсдөдөө байнга, урт хугацаанд үйл ажиллагаа явуулж дэлхий дахинаа шинэ шинэ өөрчлөлтүүдийг бий болгоно.   

Монголчуудын Ротари гэр бүл

Ротари клубүүд нь анхных шигээ хүмүүнлэгийн зорилгоор байгуулагдсан бөгөөд бүх гишүүд нь өөрөөсөө давж бусдад үйлчлэх зорилготой байдаг. Энэ нь Монголын Ротари клубүүдэд ч хамаатай. Монгол улс 1995 онд анх Ротарид элсэж, анхны клуб болох “Улаанбаатар Ротари” клуб нь эдүгээ 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Монголын Ротари нь дэлхийн 9-р зон, ОУ-ын Ротарийн 3450-р Дүүрэг, 9, 10-р бүсүүдэд харьяалагддаг бөгөөд Одоогоор Монголын Ротари байгууллагад нийт 17 Ротари, 15 Ротаракт, 7 Интеракт клубийн 1000 орчим гишүүд харьяалагдаж, дэлхийн Ротаричуудтай хамтдаа том гэр бүл болсон байна.

Олон Улсын Ротарийн 3450-р Дүүрэгт Хонг Конг, Макао, Монгол болон Гуандун муж албан ёсоор багтаж Олон Улсын Ротарийн 3450-р Дүүргийн 9-р бүсийг төлөөлж нийт 8 Ротари клуб үйл ажиллагаа явуулж байна .

Та 9-р дүгээр бүсийн эдгээр 8 клубийн мэдээлэл, тэдний төслийн амжилт бүхий туршлагуудаас уншиж танилцах болно.

 

РОТАРИЙН 117 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЕ!

1. “УЛААНБААТАР” Ротари клуб

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Бат-Эрдэнийн Алтангэрэл

Улаанбаатар Ротари клуб нь Монголын анхны Ротари клуб 1995 онд үүсгэн байгуулагдсан. Анхны клуб болох Улаанбаатар Ротари Клуб байгуулагдсанаар Монголд сайн дурын санаачилгууд, хүмүүнлэгийн төслүүд цэцэглэн хөгжих суурь тавигдсан төдийгүй Монголчууд дэлхий дахинд тулгарч буй нийгмийн асуудлуудыг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран шийдвэрлэдэг болсон юм. Улаанбаатар Ротари клуб нь 30 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ГЕПАТИТГҮЙ МОНГОЛЧУУД

Хамтрагч байгууллагууд:

Флагстафф Олон улсын Тусламжийн Байгууллага, Төрийн бус байгууллага, АНУ, Флагстафф Ротари Клуб, АНУ, Д5500, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Японы Сагагийн Их Сургуулийн Элэгний Төв


Ротарийн төслийн чиглэл: Өвчнөөс сэргийлэх

Нийт төсөв: 112000 ам.доллар

Хугацаа: 2017-2019

Төслийн танилцуулга

Ротари Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Гепатитгүй Монгол төсөл нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын вируст гепатитыг 2030 онд устгах зорилт  болон Монгол улсын Засгийн газрын Элэг бүтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Монгол улс дэлхийд элэгний хавдрын өвчлөл болон вируст гепатитын тархалт өндөр оронд тооцогддог.

Төслийн гол зорилго нь вируст гепатитыг устгаж, элэгний хавдраас сэргийлэхэд оршино.

Төслийн эхний үе шатанд Дорнод, Төв аймгийн  өмнө нь элэгний эмгэг илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаагүй, алслагдсан нутагт амьдардаг нийт 5000 гаруй иргэнийг элэгний эмгэг илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, тэдэнд элэгний эмгэгээс сэргийлэх талаар мэдлэг олгож, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулсан.

Төслийн хүрээнд алслагдсан нутгийн хүн амыг элэгний эмгэгийн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, Б Вируст гепатитын эсрэг дархлаажуулах, хүн амд элэгний эмгэгийн талаарх мэдээлэл хүргэх, эрүүл мэндийн ажилтнуудад элэгний эмгэгийн илрүүлэг, оношилгоо, сэргийлэлт, эмчилгээний талаар сургалт хийх, олон нийтийн дундаас сайн дурын ажилтнууд буюу Элэгний хөтөч бэлтгэх, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч, орон нутгийн ажил олгогч нарт ухуулга сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн иргэдийг элэгний эмгэгээс сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэн олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Бид уг төслийг үргэлжлүүлэн бусад аймгуудад хэрэгжүүлэх болно.

 

2. “ӨРГӨӨ” Ротари клуб /2012 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Б.Очирбат

“Өргөө” Ротари клуб 12 гишүүнтэй. 2022 онд тус клубийн 10 жилийн ой тохиож байна. Өнгөрөгч 10 жилийн хугацаанд бид нийгмийн болон байгаль экологийн тулгамдсан асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг өөрсдийн хөрөнгө сан, тусламжаар хийж ирсэн. 2022 онд “Өргөө” Ротари клуб говийн баавгай “Мазаалай”-аар нэрлэсэн шинэ төслөө эхлүүлээд байна.

“Мазаалай” төсөл: Говийн баавгай Мазаалай (Ursus Arctos Gobiensis) нь Алтайн өвөр говийн өмнөд хэсгийн нам бэсрэг уулс Атас, Баруун тоорой, Шар хулс, Сэгс цагаан богд орчмын Баянбүрд, уст цэгүүдийг шүтэн амьдардаг, намар орой 11-р сарын сүүлээс 3-р сарын эх хүртэл хадны хонгилд үүрээ засаж ичээлдэг, улаан номд ердөө 30 гаруй тоогоор л бүртгэгдээд байгаа нэн ховор амьтан юм.

Бид төслийн судалгааны зорилгоор 2021 онд Алтайн өвөр говь бүс нутагт зорьж  очихдоо амьтан хамгаалагчдад зориулан майхан, тусгай хувцас, хэрэглэл хандивлаж байв. Тус клубийн санаачилсан “Мазаалай” төслийн хүрээнд говийн баавгайн амьдрах орчин болох бүс нутгийн экосистемийг хамгаалахад хувь нэмэр оруулах, байгаль хамгаалагчдад шаардлагатай зарим техник хэрэгсэл хандивлахыг зорьж байна. “Өргөө” Ротари клубийн ерөнхийлөгчийн зүгээс төслийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нэн ховор амьтныг хамгаалахад хувь нэмэр оруулж, хамтран ажиллахыг урьж байна.

 

3. “УЛААНБААТАР ПИЙС АВЕНЬЮ” Ротари клуб /2013 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Нүрсэдийн Ундраа

“Улаанбаатар Пийс Авенью” Ротари клуб нь Ротаракт залуучуудын үүсгэн байгуулсан Монголын анхны Ротари клуб юм. Нийт 29 гишүүнтэй. Бид долоо хоног тутмын хурлаа англи хэл дээр явуулдаг ба үүсэн байгуулагдсанаасаа хойш АНУ, Хонг Конг, Макао, Тайван, БНСУ, Япон зэрэг орнуудын Ротари клубүүдтэй хамтран нийгэмд чиглэсэн нийт 1.7 сая ам.долларын өртөг бүхий 21 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

“Чимээгүй ертөнцийг аваръя” – “Save silent world” төсөл: Сонсгол бууралт нь эрт оношилгоогоор урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой түгээмэл тохиолддог төрөлхийн согог юм. Монголд жилд дунджаар 80,000 хүүхэд төрдөг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1000 төрөлт тутамд 2-5 нярай хүүхэд хөнгөн болон хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй төрдөг байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн адил сонсох, ярих, суралцаж хөгжихийн тулд хамгийн чухал гурван арга хэмжээг авах шаардлагатай байдаг. Эдгээр нь нэгдүгээрт, эрт оношилж,  сонсголын бэрхшээлийг илрүүлэх /хүүхэд төрснөөс хойш 6 сарын дотор/,  хоёрдугаарт, тухайн хүүхдийн нас, сонсголын төвшинд тохирсон аппаратыг хэрэглэх, гуравдугаарт сонсгол, хэл заслын эмчилгээнд эрт хамрагдаж чадвал хүүхдийн хэл сонсгол хэвийн хөгжиж эрүүл өсөх боломжтой байдаг. Харамсалтай нь манай улсад дээрх оношилгоо, эмчилгээ хийх боломж төдийлөн хүртээмжтэй  биш байна.

 

Сонсголын бэрхшээлийн эрт илрүүлгийн оношилгоог орон даяар дөнгөж төрсөн нярай хүүхэд бүрд заавал хийдэг үзлэг болгохоор 2016 оноос “УБ Пийс Авенью” Ротари клуб нь “Save Silent World” буюу “Чимээгүй ертөнцийг аваръя” төслийг санаачлан, АНУ-ын Сиатл Ротари клуб болон “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн Дэлхийн сан” зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсын стандартад нийцсэн  анхан шатны 11 төхөөрөмж болон хоёр дахь шатлалын 2 төхөөрөмжийг 3 аймаг, Улаанбаатар хотын улсын бүх төрөх эмнэлгүүдэд хандивлаад байна. Ингэснээр дээрх 3 аймаг, Улаанбаатар хотод  төрсөн бүх нярай хүүхдүүдэд сонсголын бэрхшээлийн эрт илрүүлгийн оношилгоо хийгддэг болсон. 

Бид төслөө үндэсний хэмжээний төсөл болгон үргэлжлүүлж, үлдсэн 18 аймагт шаардлагатай төхөөрөмжүүдийг худалдан авч хандивлахаар ажиллаж байгаа бөгөөд хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд болон хандивлагчдыг бидэнтэй холбогдохыг уриалж байна. 

4. “НАРЛАГ УЛААНБААТАР” Ротари клуб /2013 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Борхүүгийн Долгорсүрэн

“Өөрөөсөө давж бусдад үйлчлэх” уриан дор дэлхийн 1,7 сая гаруй Ротаричууд 35,000 гаруй Ротари клубүүдэд нэгдэж дэлхийн өнцөг булан бүрд хүмүүнлэгийн сайн сайхан үйлсийг бүтээдэг. “Нарлаг Улаанбаатар Ротари Клуб” үүсгэн байгуулагдсан цагаас хойш 23 гишүүнтэй, 2 интеракт клубтэйгээр байгаль орчин, эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр сайн үйлсийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Клуб 9 жилийн хугацаанд дүүргийн дэмжлэгтэй 7 төслийг амжилттай хэрэгжүүлсэн ба 2022-2023 онд сургуулийн орчинд сурагчид бие даан халдвараас урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг бүрдүүлэх, ялангуяа коронавируст халдварын үед тэдний идэвх оролцоог дэмжих, эрүүл мэндийн боловсролд мэдлэг өгөх зорилготой “3S” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

“Science Lab” төсөл: ОУ-ын Ротарийн 2560 дүүрэг, Япон улсын “Нагаока хигаши”  Ротари клубтэй хамтран 2018-2020 оны хооронд хэрэгжүүлсэн “Science Lab” буюу бага сургуулийн 3-6-р ангийн сурагчдыг ирээдүйн инженер, магадгүй Нобелийн шагналт эрдэмтэн болон төрөн гарахад нь туслах, шинжлэх ухаанд сонирхолтой болгох болон манай улсын бага сургуульд дутагдалтай байгаа практикт суурилсан шинжлэх ухааны хичээлийн мэдлэгийг олон хүүхдэд хүртээмжтэй түгээх зорилготой юм. Тус төслийн хүрээнд МХО-д дугуйлан байдлаар хэрэгжүүлж, жил бүр 100-с дээш тооны хүүхэд уг дугуйланд хамрагдан суралцаж байна.

“Science Lab - 2” төсөл: “Нарлаг Улаанбаатар” Ротари клубийн зүгээс 2022-2023 онд “Science Lab” төслийн 2 дахь үе шат болгон ОУ-ын Ротарийн 2560 дүүрэг, Япон улсын “Kawasaki South” Ротари клубтэй хамтран төслийг үргэлжлүүлж байна. Энэ удаад Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргийн, орон нутгийн гэсэн 3 сургуулийг сонгон хамруулж шинжлэх ухааны ангийг нь дугуйлан байдлаар иж бүрэн тохижуулах юм. Мөн бага ангийн боловсролын хөтөлбөрийг баяжуулах зорилгоор багш нарт зориулсан гарын авлага, туршилтын видео хичээлийг бэлтгэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд Япон улсын бага сургуулийн байгалийн шинжлэх ухааны хичээлийн хөтөлбөрийг ашиглаж, туршилтад тулгуурлан хичээлүүдээ орох юм.

5. “НОМТ” Ротари клуб / 2013 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Өвгөнхүүгийн Гэрэлтцэцэг

Олон улсын Ротари байгууллагын гишүүн 3450 дүүргийн “Номт” Ротари клуб 22 гишүүнтэйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. “Номт” клуб байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн зорилтот төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал,

“Бие даан уншиж сурцгаая” сурах бичиг: Хөдөө орон нутагт цэцэрлэг, сургуульд хамрагдаж амжаагүй гэртээ хүмүүжиж буй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан бие даан уншиж, бичиж сурах гарын авлага бүхий сурах бичгийг МУГБ Д.Нонна нарын оролцоотойгоор бүтээсэн. Энэхүү сурах бичиг нь хүүхдийн сониуч сэтгэлгээнд тулгуурлан, бүтээлчээр ургуулан бодох, уншиж бичих анхны дадал чадварыг нь олгох зорилгыг агуулсан юм. Уг төсөл Монголын боловсролын салбарт хэрэгжүүлсэн оюунлаг төслүүдийн маань эхлэл.  

ЭХЭМҮТ-ийн Цусны төвд тоног төхөөрөмж хандивлах төсөл: Ажиа Ринбүүчий болон сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр байгуулагдсан ЭХЭМҮТөвийн дэргэдэх Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлэгт ОУ-ын Ротарийн 3450 дүүрэг, Тайвань улсын “Руй Ан” Ротари клубтэй хамтран тус төвийн Сэхээн амьдруулах тасагт автомат тариурын иж бүрдэл хандивлав. Энэхүү төсөл нь 64,000 ам.долларын өртөг бүхий Олон улсын Ротарийн Грант төсөл байв.

“Багш, эцэг эхийн харилцах дэвтэр” төсөл: Багш эцэг эхийн харилцаа, эргэх холбоог сайжруулах зорилго бүхий “Багш, эцэг эхийн харилцах дэвтэр”-ийг бий болгож, Улаанбаатар хот, Төв аймгийн Зуунмод хот, Төв аймгийн Аргалант сумын дунд сургуульд хэрэгжүүлж, дагалдах сургалтыг багш, эцэг эхчүүдэд зохион байгуулсан.

Төв аймаг - Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах төсөл: “Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалъя” уриан дор Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт орчин үеийн эмчилгээний нарийн мэргэжлийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг ОУ-ын Ротарийн 3450 дүүрэг, Тайвань улсын “Руй Ан” Ротари клубтэй хамтран хандивлав. Мөн эмчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдэд зориулан айх аюулгүй зөөлөн дулаан орчныг бий болгон тохижуулсан. Энэхүү төсөл нь 63,000 ам.долларын өртөг бүхий Олон улсын Ротарийн Грант төсөл.

 

“Номын сан байгуулах төсөл: Клубийн нэрийн төсөл болгож, хөдөө орон нутгийн сумын дунд сургуулийн дэргэдэх Сурагчдын дотуур байранд амьдардаг малчин өрхийн хүүхдүүдэд зориулан Номын сан байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, бяцхан эздэд нь хүлээлгэн өгч байна. Гэр бүлээсээ алс сурч боловсорч, бие даан амьдарч байгаа хүүхдүүдэд үндэсний болон гадаадын шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиолын баялаг сантай “Номын сан” хамгийн сайн найз нөхөр нь болдог. Төслийг Төв аймгийн Баянхангай сум, Аргалант сум, Баян суманд тус тус хэрэгжүүлээд байна.

Мөн “Номт” Ротари клубын зүгээс 2022 онд “Оюутан судлаачийн номын сан” төслийг хэрэгжүүлээд байна. АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургууль”-ийн сургалтын орчныг сайжруулах, багш оюутнуудын судалгааны ажлыг дэмжих зорилгоор номын сангийн танхимуудыг тохижуулж, компьютер техник хэрэгсэл хандивласан. Цаашид бид тус сургуулийн номын фондыг өргөтгөх зорилгоор сувилахуйн сургалт судалгааны чиглэлээрх гадаад ном сурах бичгүүдээр хангах юм.

2022 онд “Номт” ротари клуб Хүүхэд хамгааллын чиглэлээр нийслэлд жишиг болох шинэ төсөл хэрэгжүүлнэ. Мөн манай клубийн нэрийн төсөл “Номын сан байгуулах төсөл” маань цаашид үргэлжилнэ. Төслийг дэмжин, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага болон хандивлагч та бүхэн бидэнтэй нэгдээрэй.

6. “УЛААНБААТАР ХАНГАРЬД” Ротари клуб  /2016 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Ганболдын Мөнхбилэг

Олон улсын Ротарийн гишүүн 3450 дүүргийн 9-р бүсийн “Улаанбаатар Хангарьд” Ротари клуб нь үндэсний ууган клуб “Улаанбаатар” Ротари клубийн дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан. Ирээдүй үеийнхэндээ эерэг өөрчлөлтийг авчрахаар сэтгэл санаа шулуудан, олон төрлийн ажил мэргэжлийн залуусаас манай клуб бүрддэг.

“Ногоон Замнал” төсөл: Өмнөд Австралийн тэргүүлэх КЕСАБ ТББ-тай хамтран Монголд байгаль орчны тогтвортой хөгжлийн чиглэлээр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дадал зуршил, практикийг нэвтрүүлэхээр зорьж байна. Уг төслөөр дамжуулан байгаль орчныг хамгаалах дадлыг хүүхэд багачууд болон том хүмүүст сургалт, хичээлээр хүргэхийг зорьж байна. Төслийн хүрээнд тус клубийн зүгээс ЕБС-ийн 2 ангийг хог хаягдлын менежментийн төв буюу сургуулийн багш сурагчдад хог хаягдлыг ангилах, багасгах, дахин боловсруулах талаар суралцах боломжтой кабинет болгон тохижуулсан. Төслийн хүрээнд 50 гаруй сургагч багш бэлтгэсэн бөгөөд бэлтгэгдсэн багш нар маань тогтвортой хөгжил болон хог хаягдлын менежментийн талаар сурсан мэдлэгээ ирээдүй хойч үеийнхэндээ өвлүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн уг төсөлд хүүхэд залуучуудыг багаас нь байгаль орчинд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд зориулсан сургалтын материалыг агуулснаараа онцлог. Үүнээс гадна “Улаанбаатар Хангарьд” Ротари клуб нь хог хаягдлын менежментийн сургалт семинарыг нийслэлд амжилттай зохион байгуулсан бөгөөд тус сургалт семинарт төр болон хувийн хэвшлийн салбарын 100 гаруй мэргэжилтнүүд чуулж, хог хаягдлын менежментийн талаар санал бодлоо хуваалцан, шилдэг туршлагуудаа солилцсон юм. Та бүхнийг бидэнтэй хамтрахыг урьж байна.

 

7. “БАЯНЗҮРХ” Ротари клуб /2017 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Гүрбазарын Батбаатар

“Баянзүрх” Ротари клуб нь Ротарийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой нийгмийн сайн сайхны төлөө төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэн, зохион байгуулж байна. Бид Монгол улсынхаа олон нийт, иргэд байгууллага, олон улсын нийгэмлэг болон байгууллагууд, бусад орны Ротари клубүүдтэй хамтран ажиллаж, нийгэмд урт хугацаанд тогтвортойгоор үйлчлэх хамт олон болохоор хичээн ажиллаж байна.

“Баянзүрх” Ротари клуб нь үйл ажиллагаагаа монгол, англи хэл дээр явуулдаг, мөн Монгол улсад оршин суугч, бизнес эрхлэгч гадаад иргэдэд нээлттэй клуб юм.  Бид энэ хугацаанд өөрсдийн босгосон хөрөнгө, санхүүжилтээр хөдөө орон нутгаас ирэн хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөн, асран хамгаалагчдад зориулсан байрны засвар, иж бүрэн тохижилт, БНСУ-ын “Асан Онгун” Ротари клубтэй хамтарсан “Амгалан цогцолбор” сургуулийн дээвэр, гадна талбай болон зарим кабинетын засвар, иж бүрэн тохижилт, Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн улсын сургуулийн сурагчид, эцэг эхчүүдийг хамруулсан “Ном уншлагын дадлага” амралт, “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Түүнчлэн,  Ротари 3450 Дүүргийн сан болон Швейцар улсын санхүүжилттэй “Интернэшнл тахь групп” ТББ-тай хамтран Говийн их дархан газрын малчид, тахийн сүрэг болон ховор зүйлийн зэрлэг ан амьтдыг ундны усаар хангах 10кВ хүчин чадалтай нарны эрчим хүчний эх  үүсгэвэртэй худаг байгуулж, байгаль ан амьтан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллаж байна.

 

Бид энэ жил “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран тэдний хамгийн тулгамдсан асуудал болох тэргэнцрийн суудлаар хангах, удаан хугацаанд хэвтэн эмчлүүлэгсдийн цооролтыг эмчлэх, урьдчилан сэргийлэх асаргаа, сувилгааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр  бэлтгэж байна. Бидний санаачлан хэрэгжүүлэх гэж буй энэхүү төслийг дэмжин, хамтран ажиллах дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүмүүсийг баяртайгаар хүлээн авах болно.

8. “УЛААНБААТАР ТЭНГЭР” Ротари клуб /2019 он/

 
2021-2022 оны Ерөнхийлөгч Лайдавын Жамбалсүрэн

“Улаанбаатар Тэнгэр” Ротари клуб нь Монголын Ротарийн 17 дахь Ротари клуб юм. Бид 20 гишүүнтэй. Клубийн зүгээс Монголын нийгэмд үгүйлэгдэж байгаа эерэг хандлага, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл, бусдын төлөө сайн үйлс хийж бүтээх бахархал гишүүддээ болон хүрээлэлдээ түгээх зорилтын хүрээнд Олон улсын Ротарийн суурь боловсролыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх болон цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлэх зорилготой.

“Are You OK?” төсөл: “Улаанбаатар Тэнгэр” (Скай) Ротари Клуб нь “Улаанбаатар” Ротари клубтэй хамтран, өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг сэтгэцийн эрүүл мэндийг эмгэгийг таньж мэдэх шаардлагатай мэргэжлийн туслалцааг хэнээс ч санаа зоволгүй авах тухай мэдлэг, мэдээлэл түгээх зорилго бүхий сурталчилгааны 5 цуврал видеог  бүтээх төсөл. Олон улсын Ротари, дүүргийн санхүүжилтээр бүтээв.

 

“Shoebox Appeal” - “Гутлын хайрцагтай бэлэг” аян: Жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдэд бэлэг хүргэдэг уламжлалтай.

2022 онд “Улаанбаатар Тэнгэр” (Скай) Ротари клуб нь суурь боловсролыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх болон цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Та бүхнийг бидэнтэй хамтрахыг урьж байна.