Монголбанкны 2021 оны 12-р сарын суурь төсөөлөлд эдийн засгийн өсөлтийн голчийг 4% гэж тооцоолсон бол ДНБ-ий өсөлтийн бодит гүйцэтгэл 1.4% байв. Төв банк бодит байдлыг хэт өөдрөгөөр төсөөлж алдаа гаргав уу гэж асуухаас өмнө, эдийн засгийн төсөөллийг зөв уншихад дараах суурь ойлголтыг мэдэх нь чухал юм. Тухайлбал:
1. Суурь төсөөлөл гэдэг нь ихэвчлэн ердийн нөхцөлд эдийн засаг ямар байхыг тооцоолсон үр дүн байдаг. Харин томоохон эерэг эсвэл сөрөг шок үүссэн үед эдийн засаг ямар чиглэлд явах вэ гэдгийг хувилбар төсөөлөлд авч үздэг байна. Жишээ нь, ирээдүйн прогнозыг хийхдээ хамгийн муугаар бодоод “зуд болно” эсвэл “нүүрсний тээвэр зогсоно”, аль эсвэл хамгийн сайнаар бодоод “зэсийн үнэ тэнгэрт хадна” гэж үзээд тооцоолол хийвэл мэдээж оновчгүй. Иймэрхүү онцгой тохиолдлын дүр зургийг суурь төсөөлөл бус, дараагийн хувилбар төсөөллөөр тооцоолох нь нийтлэг жишиг юм.
2. Өсөлтийн голч гэдэг нь тодорхой магадлалаар эдийн засгийн өсөлтийн байж болох дээд доод хүрээг тооцоолсон интервалын голч утга юм. Жишээ нь, Төв банк өнгөрсөн 12-р сард 30% магадлалтайгаар эдийн засгийн өсөлт 2.8%-5.2% хооронд байна гэж тооцоолсон интервалын голч утга нь 4%-ийн өсөлтийн прогноз байв. Харин 90%-ийн итгэх магадлал дээр өсөлт -1%-аас +9% хооронд байхыг Төв банкны эдийн засгийн голлох төсөөллүүдийн үр дүнг нийтэлсэн “Инфляцын тайлан”-гаас уншиж болно (Зураг 1). Иймд хэдийгээр ДНБ-ий 1.4%-ийн өсөлтийн гүйцэтгэл Монголбанкны төсөөллийн голч утгаас доогуур боловч, төсөөллийн 90% итгэх интервал [-1%; +9%] доторх утга юм. Иймд “төсөөллийн үр дүн зөрсөн үү” гэхээсээ “зөрүү үүсгэж болох гол эрсдэлүүдийг Төв банк анхнаасаа харж чадаж байсан уу” гэдэг нь илүү чухал асуулт болж байна.
Зураг 1: ДНБ-ий өсөлтийн төсөөлөл (Инфляцын тайлангийн 2021/12 сарын дугаар)
3. Тодорхой бус байдал (Upside/Downside risks) гэдэг нь анхны төсөөллийг өөрчилж болзошгүй, урьдчилж таамаглахад төвөгтэй хүчин зүйлс юм. Инфляцын тайланд эдийн засгийн гүйцэтгэл Төв банкны төсөөллийн голч утга 4%-аас доошилж, интервалын доод утга -1% руу буурахад нөлөөлж болох томоохон эрсдэлүүд нь Ковид 19-ийн өрнөл, гадаад зах зээлийн нөхцөл байдал, том төслүүдийн явц, хилийн хязгаарлалт зэрэг байна хэмээн тодорхойлжээ.
Эдгээрээс жишээ нь Ковид 19-ийн өрнөлийг авч үзье: вирусийн ямар шинэ вариант хэзээ бий болж хэр удаан хугацаанд тархаад эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг урьдчилж хараад ямар ч алдаагүй тооцоолол хийх нь боломжгүй зүйл боловч энэ эрсдэл анхны төсөөллийг бууруулах хүчин зүйл мөн гэдгийг анхааруулсан байх нь сайн төсөөллийн салшгүй нэг хэсэг байдаг. Харин прогноз зөрөхөд нөлөөлж болзошгүй эрсдэлийг анхнаасаа огт харж чадаагүй тохиолдолд тааруухан төсөөлөл хийжээ гэж үзэх үндэслэлтэй юм.
Ирээдүйг 100% таах боломжгүйн адилаар эдийн засгийн ямар ч төсөөлөл 100% байгаа ононо, ирээдүйг зөв таана гэж байдаггүй; хэрэв оносон тохиолдолд энэ нь аз эсвэл ур чадвар ч биш, харин алдаа буюу санамсаргүй тохиолдол байдаг. Үнэхээр л 100% зөв таачихдаг хүн байдаг бол судлаач эсвэл эдийн засагч бус харин тэрбумтан хөрөнгө оруулагч байх нь мадаггүй. Иймд эдийн засгийн төсөөлөл, прогнозыг уншихдаа төсөөллийн эцсийн үр дүн, тоог анхаарахаас илүү тэрхүү тооцооллын үр дүнд хэрхэн хүрсэн процесс, доторх агуулгыг уншвал үнэ цэнтэй мэдээлэл олж авах боломжтой. Учир нь төв банкууд болон төсөөлөл хийдэг бусад судалгааны байгууллагууд маш их мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийгээд төсөөлөл, прогнозоороо дамжуулан тэрхүү мэдээллээ хуваалцдаг. Амьдрал дээр яг биелдэг төлөвлөгөө гэж үгүй ч, төлөвлөлт нь амжилтын зайлшгүй хэсэг байдаг шиг эдийн засагт яг байгаа онодог прогноз гэж үгүй ч, төсөөллийн үндэслэл, агуулга нь байгаа оносон сайн шийдвэрийн үндэс болдог.
Жишээ нь Монголбанкны 4%-ийн өсөлтийн прогноз хэдийгээр байгаа оноогүй мэт өнгөц харагдавч, агуулгыг нь харвал Төв банк төсөөллөө тайлбарлахдаа өсөлт эмзэг бөгөөд -1% руу ч орох эрсдэл байгааг анхааруулаад, эдийн засгийг дэмжих мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн нь бодлого байгаа оносныг илэрхийлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!