ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн 16 настай шатарчин хүү дэлхийн аварга Карлсеныг хожив

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн 16 настай их мастер Рамешбабу Прагнанандха шатрын “Airthings Masters” түргэн тоглолтын тэмцээнд дэлхийн аварга Магнус Карлсеныг хожжээ.

Тэрбээр 2016 онд 10 насандаа дэлхийн шатрын түүхэнд хамгийн залуу олон улсын мастер болж байсан юм.

Даваа гарагийн орой онлайн горимд болсон тоглолтод Прагнанандха 39 нүүдлийн дараа дэлхийн аваргыг буулгаж авсан байна.

31 настай Норвегийн Магнус Карлсен 2013 оноос хойш дэлхийн аваргын титмийг хамгаалж байгаа шатарчин юм. Өнгөрсөн хугацаанд тэр Энэтхэгийн Висванатхан Ананд, Пентала Харикришна зэрэг цөөн шатарчинд хожигдож байсан бол Прагнанандха тэдний хамгийн залуу нь болжээ.

 
Норвегийн Магнус Карлсен

Энэтхэгийн алдартнууд өөрийн залуу мастерт баяр хүргэцгээж байна.

Дэлхийн таван удаагийн аварга болж байсан Энэтхэгийн хамгийн шилдэг шатарчинд тооцогддог Ананд “Авьяас билэгтнүүдээрээ би үргэлж бахархдаг. Праггийн хувьд өнөөдөр маш сайхан өдөр байлаа” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Залуу мастерын дасгалжуулагч Рамеш тоглолтын дараа ESPN сувагт ярихдаа “Түүний сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн тоглолтуудын үр дүн хоёр туйлын хооронд хэлбэлзэж байлаа. Санаа зовоосон савлагааг одоо тогтворжуулах шаардлагатай байгаа. Магнусыг хожсон нь сайн хэрэг. Шатрын түүхэнд төрсөн хамгийн хүчирхэг тоглогчдын нэгийг хожно гэдэг түүний хувьд маш чухал амжилт боллоо” гэжээ.

Магнус Карлсен өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын Ян Непомнящийг хожиж, дараалан тав дахь удаагаа дэлхийн аварга болсон юм.

Тэдний тоглолт найман цаг үргэлжилсэн нь шатрын дэлхийн аваргын түүхэнд хамгийн уртад тооцогдож байв.

Саяхан коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ч нөлөө нь бүрэн арилаагүй байгааг Даваа гарагт Карлсен хэвлэлд ярьж байжээ.

“Эхний хоёр өдөр эрч хүчгүй, анхаарал төвлөрч чадахгүй байсан бол өнөөдөр арай дээрдлээ” гэж дэлхийн аварга шатарчин ярьсан юм.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг