Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбат: Эдийн засгийн өсөлтийг оновчтой таамаглах нь улам хүнд болох хандлагатай байна

ikon.mn
2022 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Б.Эрдэнэбаттай ярилцлаа. 

-Олон улсын байгууллагууд болон Монголбанк, Сангийн яамны 2021 оны эдийн засгийн талаарх төсөөллүүд бодит гүйцэтгэлээс зөрлөө. Ер нь эдийн засгийн ухаанд прогнозыг хэрхэн хийдэг вэ, төсөөлөл бодит гүйцэтгэлээс зөрөх шалтгаан нь юу байдаг вэ?   

-Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийг оновчтой таамаглах, прогнозлох асуудал улам л хүнд хэцүү болох хандлагатай байна. Учир нь манай улсын эдийн засгийн уул уурхайгаас хамааралтай байдал жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ салбарын гол онцлог нь үнийн хэлбэлзэл бусад салбарынхаас маш өндөр байдаг. Эдийн засагт үнэ эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн хүчин зүйлээр тогтдог. Гэтэл уул уурхайн салбарын хувьд эрэлт, нийлүүлэлтийн муруйг зурж үзвэл, нийлүүлэлтийн муруй нэлээд мэдрэмжгүй, босоо чигтэй харагддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр уул уурхайн том төслүүд нэгэнт ихээхэн хөрөнгө зарцуулаад, үйл ажиллагаа нь эхэлсэн тохиолдолд бүтээгдэхүүний гарцыг үнээс хамаарч өөрчлөх боломж байдаггүй.

Үнэ өслөө гээд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, буурлаа гээд нийлүүлэлтээ багасгах боломж байхгүй. Бусад бараа, бүтээгдэхүүний хувьд эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээрээ үнийг тогтворжуулж байдаг. Өөрөөр хэлбэл, үнэ өсөнгүүт, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, буурах үед нийлүүлэлтээ багасгаснаар үнийг тодорхой хэмжээнд тогтворжуулж байдаг. Гэтэл уур уурхайн салбарт энэ тогтворжуулах механизм маш муу ажилладаг. Ялангуяа богино хугацаанд. Үүнтэй уялдаатайгаар энэ зах зээлийн үнэ асар их хэлбэлзэлтэй байдаг. Ийм хэлбэлзэлтэй салбараас Монгол улсын эдийн засаг улам бүр л хамааралтай болж байна. Тийм учраас энэ эдийн засаг хаашаа явах вэ гэдгийг прогнозлоход улам бүр хэцүү болно. 

-Эдийн засгийн прогноз хийж байгаа бол тэр нь бодит байдалтай яг таг таарах ёстой гэсэн ойлголт бас байх шиг байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Ирээдүйг бүрэн хардаг “шилэн бөмбөлөг”-тэй хүн хаана ч байхгүй гэдгийг юун түрүүнд ойлгох хэрэгтэй байна. 2021 оны хувьд эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл төсөөллөөс зөрсөн шалтгааныг харвал их энгийн. Нэгдүгээрт, уул уурхайг дагасан салбарууд маань мэдлэг шингээж чадаагүй яг л уул уурхайтайгаа адилхан гэсэн үг. Боловсруулах аж үйлдвэрийн салбар гэж байгаа ч үндсэндээ анхан шатны боловсруулалт л хийдэг учраас өрсөлдөх чадвар сул байна. Нөгөөтээгүүр бид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлттэй байсан шалтгаан нь томоохон уул уухайн төсөл хэрэгжиж эхэлснээр түүнийг дагасан хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй л холбоотой. Бид Оюутолгой шиг төслийг жил болгон, эсвэл хоёр жилд нэг удаа ашиглалтад оруулаад байх боломжгүй. Одоо Оюутолгойн хөрөнгө оруулалтууд хийгдэж дуусаад, эдийн засгийн ердийн өсөлт рүү орж байгаа энэ үед өмнөх өндөр өсөлтөө санагалзаж, чамлах хандлага байх шиг байна.

Тэгэхээр эдийн засгийн өсөлт бага байгаа бол энэ нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, бүтээмж сул байгаатай холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй.