Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гараа тогтмол угааж хэвшсэнээр гэдэсний халдварт өвчний тохиолдол 2-3 ДАХИН БУУРЧЭЭ

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлд түлхүү анхаарч байгаа. Үүнээс үүдэн бусад халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа доголдож байгаа эсэхийг сэтгүүлчид тодрууллаа. 

Уг асуултад ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Хоёр жилийн хугацаанд КОВИД-19-тэй түлхүү тэмцэж, эмнэлгийн бусад үйлчилгээ хязгаарлагдсан, орхигдсон тал бий. Тиймээс ХӨСҮТ бусад халдварт өвчнүүд тухайлбал, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдваруудын илрүүлэг, тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ гээд оны өмнөөс анхаарлаа хандуулж эхлээд байна. 

Оны өмнө үндэсний зөвлөгөөн, олон улсын хурлууд, нөлөөллийн уулзалтуудыг хийсэн. Энэ үеэр бүс нутагт, манай улсад халдварт өвчнүүд ямар түвшинд байгааг үнэлсэн. Цар тахлын улмаас зөвхөн манай улс төдийгүй бусад улсад ч бусад халдварт өвчний илрүүлэг, оношилгоо, эмчилгээ хязгаарлагдах байдал нийтлэг байгаа. 

Манай улсад халдварт өвчнүүдийг устгах үндэсний хөтөлбөрүүд хэрэгждэг бөгөөд 2022 оноос үндэсний арга хэмжээ болж хэлбэрээ өөрчилсөн. Энэ арга хэмжээн дээр халдварт өвчний 6-7 чиглэлээр ажиллахаар баталлаа. 

ХӨСҮТ өнгөрсөн долоо хоногт нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Энэ өдөрлөгийн зорилго нь өнгөрсөн жил хийсэн ажлаа дүгнэх, энэ жил хэрхэн ажиллах талаар санаагаа нэгтгэх юм" хэмээн хариулав.

Түүнчлэн КОВИД-19 халдварын үед авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ зарим халдварт өвчнийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгааг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр хэллээ. 

Тэрбээр "Гараа тогтмол угаадаг болсноор хүн амын дундах гэдэсний халдварт өвчний тохиолдол КОВИД-19-ийн халдварын өмнөх үетэй харьцуулахад 2-3 дахин буурсан. 

Бусад халдварт өвчин буурахад эергээр нөлөөлж байгаа бөгөөд бусад халдварын улмаас хүндэрсэн тохиолдлуудыг ХӨСҮТ хүлээн авч эмчилж байгаа" хэмээн хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/443541814120648