Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрээнээс Замын-Үүд хүртэл даац хэтрүүлэн тээвэрлэдэг байсан 70-80 тонн ачааг одоо 3-4 чингэлэгт хуваан тээвэрлэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн асуудлаар Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш экспорт импортын тээвэр нэлээд доголдсон.

Замын-Үүдэд зорчигчийн хөдөлгөөнийг хаасны дараа том оврын тээврийн хэрэгслүүд тээвэрлэлт гүйцэтгэх сонирхол бүхий иргэдийн бөөгнөрөл бий болсон. Үүнд 5,700 орчим тээврийн хэрэгсэл ачаа бүртгэгдсэн байдаг.

Гэхдээ яг ийм онцгой нөхцөлд бид 5,700 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаас илүү цөөн тооны 50 жолоочийн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиулан гол нь улс хоорондын тээвэрлэлтээ тасралтгүй хэвийн явуулах нь чухал байна" гэв.

"Замын-Үүдийн Ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх ачаа тээвэр өмнөхөөрөө явагдаж байна"

Үргэлжлүүлэн ачаа тээврийн үнэ хөлсний тухай “Өмнө нь буюу хэвийн нөхцөлд Эрээнээс Замын-Үүд боомт хүртэл даац хэтрүүлж буюу 70-80 тонн ачаагаар тээвэрлэлт гүйцэтгэдэг байсан.

Харин Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад орон нутгийн чиглэлд стандартын дагуу 25 тонн ачаатай тээвэрлэлтийг гүйцэтгэдэг байсан.

Тэгвэл одоо даац хэтрүүлэн 70-80 тонн орж ирдэг байсан ачааг 3-4 машин болгож байгаа гэсэн үг. Ингэхдээ гол нь хилийн шугам дахь 0 цэгээс Замын-Үүдийн Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг улс хариуцаж буйг хэлье.

Хүмүүсийн нэг машин 3-4 чингэлэг боллоо гээд яриад байгаа нь ийм учиртай.

Харин Замын-Үүдийн Ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээвэр хуучин хэвээрээ байгаа буюу нэг машин дөрөв болсон асуудал байхгүй, хуучнаараа явж байгаа. Ачаа тээвэрлэлтийн үнийн хөөрөгдөлд Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй.

Цар тахлын өмнө ч тээвэрлэлтийн ханш 3.5 сая төгрөгийн ханштай байдаг байсан.

3-3.5 сая гэдэг бол жолооч хөлслөөд тээвэрлүүлж байгаа хөлс. Харин компани өөрийнхөө тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэвэл зардал нь 2 сая орчим төгрөг болж байгаа.

Ингэхээр манай улсын дотоодод зохион байгуулж байгаа ачаа тээврийн тээвэрлэлтийн үнэ хөлсний асуудал нэлээн буурсан үзүүлэлттэй байгаа юм" гэж сэтгүүлчийн асуултад хариулав. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1396422344137445